• Эхлэл
  • Би одоо хүртэл Оросуудаас айдаг. Миний энэ айдас ээжээс маань удамшсан юм

Би одоо хүртэл Оросуудаас айдаг. Миний энэ айдас ээжээс маань удамшсан юм

2022/04/23

Нэрт сэтгүүлч, нийтлэлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дашцэрэн агсны 2009 онд бичиж нийтлүүлсэн "Би Оросуудаас айдаг" нийтлэлийг дахин нийтэлж байна. 

 

"Би одоо хүртэл Оросуудаас айдаг. Миний энэ айдас ээжээс маань удамшсан юм"

 

Би одоо хүртэл Оросуудаас айдаг. Миний энэ айдас ээжээс маань удамшсан юм. Ээж минь малчин Монгол эмэгтэй. Оросуудаас ялангуяа орос цэргүүдээс ухаангүй айдаг нэгэн байсан юм. Монгол Оросын колони байх дээр үед манай сумын эргэн тойрон дүүрэн орос цэргийн хотхон. Хоолтын давааны орос цэргийн анги, Өндөр толгойн нисэхийн анги, Цантын орос цэргийн дэлгүүр, 18-ын Орос цэргүүд гээд манай сумын нутаг тэр аяараа гадаадын цэргийн хээрийн сургуулийн полигон "цэргийн буудлага сургуулийн талбай" (Г.Д) болчихоод байсан 1960-аад оны хүйтэн дайны үеийг мэдэх хүн мэдэх хүн бий. Харин бичих хүн үгүй байх.  Ээжийн маань айдаг ч зөв юм. Байгаад л орос цэргүүд тугал бяруу буудаад идчихлээ гэнэ. Зэлтэй тугал машинаар дайраад аваад явчихна. Тугал бяруу ч бүүр дүүрсэн. Хүчин хийчихлээ л гэнэ. Манай ангийн нэг охиныг хүчиндээд складанд тушаад орхичихсоныг олсон. Тэр үед ямар одоогийнх шиг хэвлэл мэдээллээр мэдээлэх биш, шон дутна. Монгол Зөвлөлийн найрамдалд сэв сууна гээд тас нуугаад орхино. Хэрвээ бичих байтугай чанга ярих юм бол хэрэгт орно биз дээ. Жамъян гуай шиг хэлмэгдэхийг хэн бодох билээ. Энэ ч юу ч биш.

Оросын нэг гарамгай нисгэгч чадлаараа гайхуулсан уу, тоглосон уу, осол юм уу бүү мэд 1986 оны намар Элгэний рашааны баруун хонхорт манай нутгийн Манжаа гэдэг чавганцын толгойг онгоцныхоо сэнсээр тас чавчаад хаячихсаныг нутгийн хэдэн хөгшид толгойг нь залгаж оёод оршуулсан юмдаг. "Манжаа эмээгийн толгой" гэдэг бичлэгт тодорхой бий. (Г.Д) Ийм юман дунд амьдарч байсан ээж маань оросуудаас ухаан алдатлаа айхаас яах билээ. Байлдааны онгоц тоонон дээгүүр шунгинаж, пулёмот тачигнах болгонд л ээж бондгос хийн цочин бурхандаа залбирна. Орой үдэш битгий гараарай, цаана чинь согтуу оросууд сумын төвөөр яваад байна гэдэгсэн. Одоо нэхэн санавал оросуудаас айдаг нь ээж бид хоёр ч биш юм байна. Энэ томчууд хүртэл цагаа тулахаар ухаан алдатлаа айх юм. Тэд даанч нэрэлхээд, ичээд хэлдэггүй байсан байна.

Оросууд ер нь одоо хүртэл дээрэнгүй дээрэлхүү нь хэвээрээ юм аа. Оросын Ерөнхийлөгч Медведев "Баавгай" манай оронд айлчиллаа. Халх голын дайныг дурсах гэсэн юм уу. Дорнодын ураныг, Тавантолгойн нүүрсийг авах гэсэн юм уу, бүү мэд дээ. Ямарч байсан манай томчууд Дорнодынхоо ураныг, Шинэ баригдах төмөр замаас орох орлогоо өгөөд явуулчихваа. Америкууд мянганы сорилын сангийн буцалтгүй тусламжаас хөрөнгө мөнгө гаргаад танай төмөр замыг бариад өгье гэсэн чинь оросууд зөвшөөрөөгүй юм билээ. Америкийн энэ мөнгийг Оросийн төмөр замын дарга юу гэж хэлсэн гэж санана. "Үнэгүй юм гэж байдаггүй юм. Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг. Та нар тэр мөнгөө буцаа, манайх баринаа, сайхан мэдээрэй" гэсэн. Манайхан тэгээд л нам. Путин ч, Медьведев ч Монголыг тусгаар тогтносон орон гэж даанч бодсонгүй. Ердөө гурван сарын өмнө Путин нь манайхыг дайрч Японд очихдоо манайхаас ирээдүйд авах ураныхаа гэрээг Японтой хийчихээд буцсан байсан. Ядаж  манай улс орны урмыг бодож бензинийхээ үнийг ганц сар хямдруулсангүй.

Харин бүүр давраад дэлхийд хаана ч авахгүй хоцрогдсон хөдөө аж ахуйн хуучин машинаа (арай 300 сая доллорт гээгүй байгаа) шахчихаад буцдаг байгаа. Атрын гуравдугаар аяныхан тэр машинуудыг нь алга ташин хүлээн авав. Социализмын материал техникийн баазын үлдэгдэл оросын овоолсон төмрийг төмрийн хогонд урагш нь арай хийж ачуулж дуусчихаад байхад шүү. Айлчлалын үед  манай Ерөнхий сайд С.Баяр Медьведевээс их айсан байх. Бүүр бултаад байсан. Явсан хойно нь сүр сүлд нь явчихсан амьтан гарч ирэв. Ер нь оросууд манай томчуудыг зүрхийг үхүүлэхдээ голдуу л Москвад дууддаг. Харин Ерөнхий сайд С.Баярыг Москвад биш, энүүхэн Эрхүү хавьд гэнэт дуудаж уулзсаны дараа гялалзаж явсан Ерөнхий сайд маань дуугаа хураав.

Харин шинэхэн Ерөнхийлөгч Элбэгдорж нэг их айгаагүй байх. Ямарч л гэсэн зугтаагаагүй. Хаашаа бултах билээ. Ер нь урьчихаад зугтана гэж юу байхав. Хоёр Ерөнхийлөгч уулзаад өр авлага юу болж байна гэтэл цаадах нь их өр тэглээгүй, юм үлдсэн гэдэг байгаа. Уг нь манайх сайн тооцсон бол өргүй гэж олон эдийн засагчид бүүр Оросын хоолыг үхтлээ идсэн коммунистууд хүртэл шивнэн ярьдаг. Байхгүй өрийг бий болгоод тэрийгээ тэглээд нот бичиг солилцчихсон шүү дээ. Энэ Медьведев юу яриад байнаа. Элбэгдоржийг Оросын талыг баримталдгүй болохоор өрөөр далайлгах, хэрвээ амжилтгүй болвол, наанадаж түрүүчийн ерөнхийлөгчийг нь матаж хооронд нь эвдэрэлцүүлэхийн тулд их өрийн хоёр хувийг тэглээгүй гэж нүүдэл хийсэн байх нь ээ. Харин Оросын Ерөнхийлөгчийн айлчлал манай Ерөнхийлөгчийг айлгахын тулд нэг аймаар бэлэгтэй ирсэн. Дотоод Яамны дарга нь Орост цаазлуулсан Монголын Ерөнхий сайдуудын нэрсийг авч ирж үзүүлэв. Толгойг нь биш шүү. Ядаж "Уучлаарай, танай төрийн тэргүүнүүдийг манай хуулиар цаазалсан өнгөрсөн үеийг уучлаарай" гэж ганц ч өгүүлбэр унгасангүй их өрний үлдэгдлийг тохирно гэв.

Эл бэлгэнд олон хүн цочсон гайхсан. Хоёр орны дээд хэмжээний айлчлалд толгойг нь авсан удирдагчдынх нь нэрсийг авчирч өгөх нь дипломат ёсонд таардаг ч юмуу, үгүй ч юм уу. Бүү мэд. Лав л хүний ёсонд байж болдоггүй доромжлол юм. Их өр гэж ер нь юу юм бэ...

Үлгэрлэвээс Монгол Оросын колони орон байхдаа 10 рубль зээлжээ. Зээлэх, зээлүүлэхийг ямар Монгол мэдэх биш. Орос зээлүүлж л дээ. Гэтэл 1990 онд тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь олоод өгсөн авсанаа тооцох болдог байгаа. Гэтэл шинэ Оросууд 10 рублийнхээ оронд 10 доллар нэхэж шогтов. Социализмын үеийн орос манай хоёр ямар долларын бараа харсан биш. Рубль төгрөг хоёр аль ч насандаа доллартой нэг нэгээр харьцаж байгаагүй. Д.Бямбасүрэн гуайгаас бусад манай удирдагчид айсандаа өртэй байлгүй яах вэ гээд байснаас "Өгье өгье. Рублиэр нь юм уу, төгрөгөөр тооцож өгье" гэх толгой байсангүй. Доллароор өгнө гэж ам алдаж. Үхсэн хойноо доо, тэр үеийн рублийн ханш манай 3 төгрөгтэй тэнцэж байсан байхгүй юу. Тэгтэл оросууд айдаг, айсандаа долигнодог, бялдуучилдаг удирдагч нарыг яг дээрэлхэнэ биз дээ. 100 долларынхаа оронд хоёр доллар одоо өг, бусдыг нь тэглэе гэсэн юм билээ. Касъянов нь манай ерөнхий сайд Н.Энхбаярыг тэгвэл тэр хоёр доллараа одоо бэлнээр нь аваад ир гэсэн. Хоёр доллараа өгч яс салахын тулд 2003 оны 12 дугаар сарын 30-ны шөнө валютын сангаасаа байгаа 40 цент авч, Айвахоу майнз компаниас 80 цент зээлж, үлдэснийг нь “Эрдэнэт”-ээс авч Орост аваачаад өгөөрэй гээд Касъяновын бие төлөөлөгч гэх нэг Чехэд өгөөд явуулчихсан юм билээ.

Гэтэл Медведев нь ирээд дахиад хоёр хувиа нэхээд байдаг. Тэр Касъяновоосоо олж ав гэх цөстэй удирдагч байсангүй. Хөөрхий зайлуул бас айгаад байгаа байлгүй дээ. Их өр тэглэсэн тэр ёлкны шөнө бүгдээрээ нэг их уйлалдав. Тэр үед их өр тэглэсний баяр гэж бодож байсан юм одоо бодохноо нь андуурчээ. Үе үеийн төрийн томчууд оросоор ухаангүй айдаг юм байна. Хөгжлийн өөр зам сонгох асуудлаар, өр ширийн асуудлаар, тусгаар тогтнолын асуудлаар тэдний томчуудтай уулзаад буцаж  ирдэггүй тохиолдол төрийн тэргүүнүүдэд олон байсан.  Тэр нь үе үеийн удирдагч нарын зүрхэнд шар ус хуруулчихжээ. Орост буудуулсан Ерөнхий сайдууд ч бий. Шарил болоод хүргэгдэж ирсэн нь ч бий. Төрсөн нутаг, уул усаа хүртэл өгөөд Оросын хүндэтгэлийг эс олон, траншейнд шахуу өнгөрсөн нь ч бий. Газар дээр ганц ах гаад манайхан байдгийгаа барсан даа. Гэтэл хорхойссон Орос баавгай ирж айлгаад л байдаг. Хэд ч эргэх юм билээ бүү мэд. Төрийн томчууд "их өр" тэглэсэн баатарлаг гавъяа, хөлгүй их найр наадам, уйлаан майлаан, одон медалийн учирыг одоо л ойлголоо.

Манай төрийн томчууд нь их өр тэглэсэндээ биш, эсэн мэнд эргэж ирсэндээ, амь мултарсандаа баярласан юмсанж. Ард  түмэн ч гэсэн 1990 оноос хойш удирдагчид нь амьд мэнд эргэж ирээд байгаад баярлалгүй яах вэ. Оросоос би айдаг, бүүр үнхэлцэгээ хагартал айдаг. Томчуудад бүүр илүү аймшигтай хүнд тусдаг юм шиг байна. 

2009.11.19


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин