• Эхлэл
  • С.Зоригийн аллагын хэрэгтнүүдийг суллаж, захиалагчийн эрэлд гарсны гурван жилийн ой

С.Зоригийн аллагын хэрэгтнүүдийг суллаж, захиалагчийн эрэлд гарсны гурван жилийн ой

2022/10/03

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөснөөс хойш 24 жил өнгөрөв. Хэрэв тэр амьд байсан бол энэ жил 60 нас хүрэх байлаа.

Өчигдөр буюу араьдугаар сарын 2-нд түүний хөшөөн дээр “ЖАН” нэртэй болоод байгаа “Женко” төвтэй АН-ын гишүүд очиж цэцэг өргөв. Энэ үеэр тус намын ерөнхий нарийн бичгийн дарга гэх И.Мөнхжаргал “АН-ын гишүүд С.Зоригийн нэрээр улс төр хийхээ өнөөдрөөс эхэлж зогсоо. Хөшөөн дээр нь жагсаал цуглаан хийхээ ч боль. Ар гэрийнхнийг нь тайван байлга” хэмээн жаал загнав. Харин ар гэрийнхэн нь яг ийм бодолтой байсан уу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч энэ хүн үхсэн хойноо ч гэсэн хэн нэгэнд нөмөр нөөлөг болсоор байгаа нь л үнэн.

Харин нөгөө нам болох С.Эрдэнэ даргатай АН-аас хүн ирсэнгүй. (С.Эрдэнэ дарга Сөүлд болж байгаа Улс төрийн намуудын олон улсын чуулганд оролцож яваа гэсэн) Тэднийг төлөөлж АЗХ-ны залуус ирсэн байна.

Энэ өдөр хоёр АН-аас түрүүлж ХҮН-ын дарга Б.Найдалаа, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар намынхаа гишүүдтэй С.Зоригийн хөшөөний өмнө анх удаа очиж, цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв. Зүүний ардчилсан үзэлтэй байсан намынхаа үзэл баримтлалыг барууны либерал үзлээр сольсны дараа С.Зоригийн хөшөөнөөс адис авах нь зүйтэй гэж үзсэн юм болов уу даа. Уг нь бол МАН-ын адислалаар өдий хүртэл явсан нам. Дараагийн МАН болох найдвар үлдээгүйн улмаас дараагийн АН болохоор шийдсэн бололтой.

Б.Найдалаа даргын олон нийтийн сүлжээнд тавьсан мэдээллээс үзвэл АН-ын олон лидерүүдтэй уулзаж, танилцаж, үгийг нь сонсож явсан боловч С.Зоригийн амьд ахуйдаа өгсөн ярилцлагуудыг нөхөж үзсэний эцэст “намынх нь нөхөд С.Зоригийн үзэл санааны эсрэг явж байгаа юм байна” гэж үзээд энд ирсэн гэнэ.   

Харин МАН-ын зүгээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хүлээгээгүй том “сюрприз” дэлгэлээ. Цэцэг өргөхийн өмнөх өдөр Б.Энхбаяр гишүүн олон нийтийн сүлжээгээр сайд асан Ц.Нямдоржийн тухай “С.Зоригийн аллагын захиалагч нартай холбоотой гэх сэжүүр байгаа” хэмээн зарлав. Уг нь ч шинэ юм биш л дээ. Гэхдээ ядаж л нам дотроо дарагдахаа байгаад дардайна, булагдахаа байгаад бултайна гэдэг чинь сайны дохио.

Сануулахад, С.Зоригийн аллагын хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс сонссон ялаа эдэлж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “хэлмэгдсэн” гэж зүтгэсээр байгаад батлан даалтаар суллуулсан хүн нь Ц.Нямдорж. Тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар “Т.Чимгээ, Б.Содгомдаржаа нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн” гэж зарласнаас хойш гурван жил, батлан даалтаар сулласнаас хойш жил хагас болж байна.

Тэр үед Ц.Нямдорж сайд “Захиалагчийг нь илрүүлэхгүйгээр гүйцэтгэгчийг нь илрүүлнэ гэж ямар юм байсан юм. Эхлээд захиалагчийг олж байж гүйцэтгэгчийг хорьдог юм” хэмээн хууль, шүүхийнхнийг ташраар нь загнаж байлаа. Эцэст нь “Эрүүдэн шүүсэн нь тусдаа хэрэг, С.Зоригийн аллагын хэрэг тусдаа хэрэг шүү. Тэгж яривал Т. Чимгээ, Б.Содномдаржаа хоёр нэг ч удаа хэргээ хүлээж, мэдүүлэг өгөөгүй. Нотлох баримтаар хэргийг нотолсон” гэж улсын яллагч нь хэлсээр байтал “эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн” гэж худлаа яриад хэрэгтнүүдийг сулласан.

Улсын яллагчийн яриан дотор бас нэг “но”-той, ноцтой зүйл байдаг нь С.Зоригийн хэргийн захиалагчдыг мөрдөж байх үед (гүйцэтгэгч нарыг шүүхээр ялласны дараа) Ц.Нямдорж сайдын төлөөний хүн ШШГБ буюу хорих ангид нэвтэрч, хэргийн холбогдогч нартай уулзсан, Мөн Ц.Нямдорж нь сайд болонгуутаа (2017-2020 онд) захиалагчийн хэргийг шалгаж байсан тагнуул, цагдаагийн хамтарсан ажлын хэсгийг тарааж, мөрдөгч нарыг өөр тийш нь томилон явуулсан байдаг. Энэ асуудлаар нь Ц.Нямдорж дээр өөр дээр нь хэрэг нээгээд явж байсан ч гэдэг.

Тэгэхээр Б.Энхбаяр гишүүний хэлсэнд хуудуутай зүйл байхгүй гэсэн үг. Харин Ц.Нямдорж сайдын захиалагчийн хэрэгтэй холбоотой гэдэг нь хэр хэмжээнд нотлогдсон бэ? Ажлын хэсгийнхэн ажлаа хийж чадаж байгаа юу? л гэдэг асуулт.

Яг үнэнийг хэлэхэд С.Зориг алагдсанаас хойш монголчууд “алуурчныг хэзээ илрүүлэх бол” хэмээн хоног өдрийг хорин жил яс тоолсон байдаг юм. 2017 оны арванхоёрдугаар сард УДШ-ийн шийдвэр гарсны дараа “хэрэг үнэхээр илэрчихлээ, одоо захиалагчийг зарлах үлдлээ” хэмээн итгэж байсан. Улсын яллагч нь хүртэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэргийн сэжүүрийг олсон, шалгалтын ажиллагаа нууц” гэж мэдээлж байсан. “Монголчууд бие биенээ алалцсан хуулийнхан аль хэдийн илрүүлчихсэн байгаа, гаднынхан оролцсоноос зайлахгүй боллоо” гэж монголчууд 20 жил итгэж явсан. Гэтэл тэр нь “гаднынхны гар хөл, мафи” оролцсондоо ч биш, хэргийг илрүүлэх сонирхолгүй бүлэглэл хууль, цагдаад хүнээ шургуулсан учраас, хэргийн нотлох баримтыг удаа дараа, шат дараатайгаар устгаж, үгүй хийж ирсэн учраас, хэргийг шалгаж байсан ажлын хэсгийг дахин дахин тарааж, халж сольсоноос л болсон юм билээ л дээ. Тэдний нэг нь Ц.Нямдорж сайд.

С.Зоригийн аллагын хэрэгт шүүхээр гэм буруу нь тогтоогдсон гурван холбогдогч бий. Гэтэл нэгийг нь үлдээгээд хоёрыг нь сулласан. Ц.Амгаланбаатараар  эхэлж “хэрэгт холбоогүй, худал хүлээсэн” гэдэг захиа бичүүлж авчихаад Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг суллаад, Ц.Амгаланбаатарыг шоронд нь үлдээчихсэн хүн шүү дээ. Учир нь Ц.Амгаланбаатар нь Ц.Нямдоржийн хэлсэнчлэн “тэр үед насанд хүрээгүй хүүхэд” байсан учраас захиалагчтай холбоотой байх боломжгүй  гэсэн үг. Тийм болохоор Ц.Нямдоржид ашиггүй. 

Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрын хувьд хэргийн газрын гэрчүүдийн өгсөн ам зурагтай яв цав таардаг, үйл, баримтаар нотлогддог. (таардаггүй ганц зүйл нь Б.Булганы өгсөн мэдүүлэг буюу “Батаа, Оюунаа” гэх нэр) Хэргийн захиалагчийг нэрлэж чадах гол сэжигтнүүд. Ийм шалтгаанаар тэднийг шоронгоос суллах гэж тэгтлээ их яарч садарсан байх магадлалтай.

Тийм болохоор хэрвээ Ц.Нямдоржийг захиалагчийн хэрэгт сэрдэж эхэлсэн нь үнэн бол захиалагчийг нэрлэхэд нэг алхам ойртжээ гэсэн үг.

ЭХ СУРВАЛЖ:INEWS.MN

Б.ЗАЯА


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин