• Эхлэл
  • Ч.Хүрэлбаатар сайдын зарласан оффтэйк гэрээнүүд хулгай юм бол эзэн нь Засгийн газрын шийдвэрүүдээс олдоно

Ч.Хүрэлбаатар сайдын зарласан оффтэйк гэрээнүүд хулгай юм бол эзэн нь Засгийн газрын шийдвэрүүдээс олдоно

2022/11/07

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Оффтэйк гэрээ гэж нууц, хорлонтой гэрээ хийчихсэн юм шиг” л зарласан. Тэр ч байтугай нийт нүүрсний гэрээний 97 хувь нь оффтэйк гэрээгээр, 3-хан хувийнх нь мөнгө орж ирж байна гэсэн мэдээллийг Засгийн газрын индрээс нийтэд мэдээлсэн билээ. Гэтэл Сангийн сайд Б.Жавхлан “Гашуунсухайт-Цагаанхадны хооронд жилд бараг 1-1.5 тэрбум ам.долларын далд мөнгөний урсгал явдаг, ажил нь манай талд хийгдсэн” гэлээ. Нэмээд Засгийн газраас “ЭТТ”-д томилогдсон БЭТ Ж.Ганбат “19 хувь нь офф-тэйк гэрээ байжээ гэсэн. Ингэхдээ “Нийт дөрвөн офф-тейк гэрээ бий. "Тэдгээрийг бүгдийг нь нийтэд ил болго” гэдэг Засгийн газрын тогтоол шийдвэртэй. Энэ хүрээнд гэрээнүүдтэй нэгбүрчлэн танилцаж байна. Тэгж байж дараа нь ил тод нээлттэй болгоно. Чадвал 11 дүгээр сардаа багтаана” гэсэн. Тулхтай хүний л үг. Нууцлаад байх юу байх вэ, бүгд л Засгийн газрын тогтоолтой юм байна. Жишээ нь 955 тэрбум төгрөгийн дүнтэй гэрээ чинь Засгийн газрын 2021 оны 113-р тогтоолтой юм, 397 сая ам.долларын гэрээ чинь Засгийн газрын 2022 оны 94 дүгээр тогтоолтой байна. 

Сүүлд дуулиантайгаар “илчилсэн” 20 тэрбум төгрөгийн урьдчилгаа л гэхэд Засгийн газрын хуралдааны тэмдэглэлтэй аж. Одоо ард түмнээсээ юу ч нуухгүй байцгаая. Тэгэхгүй бол төрд итгэх итгэл унаж, хулгайч дүүрэн мэтээр ойлгогдох боллоо. Энэ маш аюултай. Иймээс дараагийн удаад тэрхүү оффтэйк гэрээнүүдийг бүгдийг нь дэлгээд тайлбарлая.

БЭТ хэнийг илчлэв?

Нэг жишээ татаад БЭТ-ийн хэлсэн “Ямар нэгэн барьцаагүй гэрээгээр урьдчилгаа болгож 20 тэрбум төгрөг шилжүүлэх гэж байсан учраас дөрвөн газрын дарга, санхүүгийн албаны дарга гээд нийт таван хүнийг АТГ-т шалгуулахаар өгсөн” гэх асуудлыг нэлээд ухаж сонирхсоноосоо хэсэгхэнийг дурдъя. Тун болгоомжтой дурдахгүй бол “нууц” ихтэй юм гэнэ билээ. Юуны өмнө энэ оны 3 дугаар сарын 17-нд “ЭТТ” ХК болон БНХАУ-ын “Чайна энержи интернэшнл девелопмент” компани, “Тавантолгой төмөр зам” ХХК нар нүүрсний худалдааны чиглэлээр болон төмөр зам, бусад төсөл хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцсоноос  энэ “үйл явдлын цаг тоолол” эхэлжээ. Энэхүү уулзалтаар Ганцмод-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орох хүртэл жилд 5 сая тонн, ашиглалтад орсны дараа жилд 20 сая тонн нүүрс худалдах, худалдан авахыг харилцан тохиролцсон. Үүнээс тав хоногийн дараа “ЭТТ” болон “Чайна энержи” компаниуд цахим хурал зохион байгуулсан байдаг юм. Энэ хурлаар “ЭТТ” нүүрс яаж нийлүүлэх боломжтойгоо илэрхийлсэн. Тухайлбал, энэ ондоо 2.4 сая тонн, ирэх онд 8.6 сая тонн нүүрс нийлүүлэх боломжтой. Гэхдээ төмөр замын төслийн хөрөнгө оруулалтыг урьдчилгаа төлбөрт тооцож ТУЗ ямар хэмжээгээр балахаас хамаарч спот үнээс хөнгөлөлт үзүүлье гэсэн байдаг. Харин “Чайна энержи”-ийн зүгээс хил гаалийн нэвтрүүлэлт, цар тахлын байдал зэргээ 14 хоног судлаад нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тохиолдолд Ганцмод боомтын нүүрсний талбайд хүлээж авах сонирхолтойгоо илэрхийлсэн. Энэ бүх цахим хурал хэлэлцээнүүд Засгийн газын хуралдааны тэмдэглэлийн дагуу болсон бөгөөд “Чайна энержи”-ийн зүгээс энэ оны 4 дүгээр сарын 7-ны өдөр төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын гэрээнээс тусдаа 300 сая ам.долларын урьдчилгаа төлбөр төлж “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” байгуулах санал ирүүлсэн. Мөн энэ оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “Чайна энержи” компанийн Монгол дахь төлөөлөгч Jing Ge-тэй утсаар холбогдоход тус компани БНХАУ-ын Засгийн газраас төмөр замын холболтын цэгийн асуудлаар албан ёсны чиглэл өгөхийг хүлээж байгаагаа мэдэгдсэн. Энэ хүлээлт нь нэлээд удаж 8 дугаар сарын 8-нд Гурван талт ерөнхий хэлэлцээ болж, 9 дүгээр сарын 20-нд дахин гурван тал цахим уулзалт хийгээд 10 дугаар сарын 17-нд гэрээний төсөл бэлэн болсон байдаг. Энэ хооронд Засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 28-ны 229 дүгээр тогтоол батлагдаж далд болон ил уурхайн олборлолтыг эхлүүлэх тухай хэнээс хэнд даалгасныг харна уу.

Тэгэхээр Засгийн газрын тэмдэглэлийн дагуу санамж бичиг байгуулж далд уурхай байгуулах хайгуулын ажлын гэрээ явсаар 10 дугаар сарын 25-нд баталгаажиж 26-нд буюу “ЭТТ” компанид БЭТ томилсны маргааш шилжиж таарсан нь нууцаар гэрээ байгуулаад, “сэмээрхэн” урьдчилгаа шилжүүлэхээр завдсан мэтээр Засгийн газрын хуралдааны индрээс нийтэд танилцуулагдсан шүү дээ. Тэгэхээр бодит байдал дээр, Засгийн газрын даалгаврыг биелүүлж явсан “ЭТТ” компанийн ажилтнуудыг гэнэт халж, нэр хүндэд нь халдаж, улмаар АТГ-т шалгуулна гэж зарласан нь арай л түргэдсэн хэрэг биш үү гэж бас бодогдож байна.

Засгийн газрын 362 дугаар тогтоол хэрэгжих болов уу?
Энд нэг зүйлийг та олонтойгоо зөвлөлдөхөд Сангийн сайд Б.Жавхланг саяхан ОУВС-ийн хуралд оролцох үеэр “тэд” банкинд нь ам.доллар байхгүй шахам байхад ам.доолларын ханштай “ноцолдох”-ын оронд валютын эргэлтээ нэмэгдүүлэх нь зүйтэй гэж зөвлөсөн бололтой. Ингэснээр Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 5-ны 362 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын онцлог нь нэр дурдагдсан төрийн өмчит компаниудын бүрдүүлэх ам.долларын хэмжээг тодорхой тоо заасан нь анхаарал татаж, “посткоммунист” орнуудыг санагдуулсныг нуух юун. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” 300 сая ам.доллар, “Монголросцветмет” ТӨҮГ 20 сая ам.доллар, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨҮГ 15 сая ам.доллараас багагүй орлого төвлөрүүл гэсэн байгаа юм. 

 

 

Энэ бол Г.Ёндон, А.Мөнхбат, Б.Ганхуяг буюу одоо бол БЭТ Ж.Ганбат нарт амаргүй даваа. Тэд бизнесийн үйл ажиллагаа явуулж орлого төвлөрүүлж үйл ажиллагаагаа хийх учраас “Таван жилийн төлөвлөгөөтэй” үеийнх шиг төдөн толгой мал өсгөж, тэдэн тонн тариа хураа гэдэг шиг ажиллах боломж хэр байх бол? Магадгүй “нүүрсний хулгай” гэдэг айлгах төлөвлөгөөтэй акцын дүнд одоогийн боломжоо алдах вий. Хил хаачих вий. Дотооддоо төдийгүй гадаадад танигдаж, овоо хөл дээрээ босоод байгаа “ЭТТ” гэдэг компанийг “тараачих” вий, анх ногдол ашиг тараангуутаа дараагийн хоёр жилд Ковидын хүндрэлээс болоод өгөөгүй, энэ онд өгчих боломжтой ногдол ашиг “будаа” болох вий гэсэн болгоомжлол байна.
Энэ бүхнээс “нүүрсний хулгай”-тай хийх тэмцлийг зөөллөх гэсэнгүй. Ажлын хэсгийн дүгнэлтээр 268 мянган тонн нүүрсний хулгайн дүн 341 мянган тонн болтлоо өссөнийг олж тогтоосон. Энэ бол хулгай мөн. “Тавантолгой” компанийн талтай ярилцаад мөнгөөр тооцох гэхээр алдагдсан боломжийг хэрхэн үнэлэх дээр маргаан өрнөж мэдэх учраас яг ижил чанарын үзүүлэлттэй нүүрсийг яг алдсан хэмжээгээр нь нүүрсийг нүүрсээр төлж хулгайн хохирлыг барагдуулахаар ярьж тохирсон нь хамгийн зөв гарц байж болох юм. Харин гаалиар 2 сая тонн нүүрс бүртгэлгүй гарсан эсэх асуудлын хувьд гаалийн л асуудал баймаар юм. Үүнийг хууль хяналтынхан тогтоох биз. Төмөр замын холболтыг эцэслэн шийдэх нь тэдгээр ченжүүдэд хамгийн “харамсалтай” нь ойлгомжтой учраас орхих аргагүй сэдэв мөн. Үүгээр эхний нийтлэлээ өндөрлөе. Ямартай ч “Харанхуй өрөөнд хар муур огт байгаагүй”-г БЭТ баталлаа, хайх хэрэг байна уу? Мөн энэ дашрамд хэлэхэд улстөрчдийн “зодоон”-ы хохирогч нь “ЭТТ” биш улсын хөгжил дэвшил юм шүү гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайдад ойлгуулах юмсан.
Дараагийн удаад нүүрс тээвэрлэгч компаниудын ард ашиг сонирхлын ямар зөрчил улстөрчдөд агуулагдаж явдаг, энэ нь төмөр замын бүтээн байгуулалтад хэрхэн саад болж байсан тухай мэдээллээр цуврал нийтлэлээ үргэлжлүүлэх болно.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин