• Эхлэл
  • МАН-ын дэглэж буй “Шударга ёсны эрэл” ба Жендерийн асуудал

МАН-ын дэглэж буй “Шударга ёсны эрэл” ба Жендерийн асуудал

2022/11/15

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өнгөрөгч долоо хоногт огцрох хүсэлтээ өгсөн билээ. Түүний огцрох болсон шалтгаан нь “Төрийн албаны дунд болон анхан шатанд ажиллаж байгаа хүмүүс Орост боловсрол эзэмшсэн учраас Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шинэ үе, хуучин системийн хооронд зөрчил үүсч байна” гэж хэлснээс болсон билээ.

Сонирхолтой нь тэр энэ үгийг одоогоос жил гаруйн өмнө буюу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байхдаа хэлсэн байна. Олон нийтийн сүлжээгээр “Том ах” нэртэй пэйж хуудсаар тараасан дээрх бичлэг нь өнгөрөгч оны аравдугаар сард Саудын Арабад зохион байгуулагдсан Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган (Future Investment Initiative)-д оролцох үеэр болсон яриа аж.

Гэтэл Б.Оюун-Эрдэнийг Цахим хөгжил, харилцааны холбооны дэд сайдаар томилогдох үед гарч ирээгүй энэ бичлэг яагаад өнөөдөр гарч ирээд, дэд сайдыг суудлаас нь буулгахад хүрсэн нь бас л ойлгомжгүй. Тэр тусмаа “хүний эрхийн” болон төрийн албан тушаалтны “ёс зүйн” асуудал болж хувирсан нь бүр ч гайхал төрүүлдэг.

Сануулахад, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд нэг бус эмэгтэй гишүүдээ хөөж явуулаад байгаа. Эхнийх нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Ж.Уртнасан. Түүнийг өнгөрсөн өвлийн утааны үеэр (2022 оны нэгдүгээр сард) “Утаа гаргаж байгаа айлуудыг дроноор илрүүлнэ” гэж мэдэгдсэнийх нь төлөө албан тушаалаас нь огцруулсан. Мөн шалтгаанаар айлын гэрт шөнөөр дайрч орон зуухыг нь онгичиж, бичлэг хийн хэвлэл мэдээллээр цацсанаас болж Ж.Уртнасан сайдаар тогтохгүй дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нь, мөн нийслэлийн ЗДТГ-ын агаарын бохирдол хариуцсан албан тушаалтнууд ажлаа өгөхөд хүрсэн байдаг.

Хоёрхон сарын өмнө ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг мөн л “хүний эрхийн зөрчил гаргасан, иргэдээ ялгаварласан” үндэслэлээр өргөдлийг нь өгүүлсэн. Төрийн ордонд болсон нээлттэй хэлэлцүүлгийн үеэр “Улны айл” гэж хэлснийхээ төлөө огцрох өргөдлөө өгсөн. Д.Сарангэрэл сайд “Улны” гэдэг үг надтай хамт яамнаас явсан боловч, тэр айлууд чинь үлдсэн шүү” гэж хэлээд явсан. Гэсэн ч Засгийн газраас “улны” гэдэг үгийг яамны түвшинд хэрэглэж байсан эсэх талаар шалгалт явуулсан чинь бүр А.Ариунзаяа сайдын үед яаманд “нутагшуулсан” энэ үгийг дэд сайд нь “Гурван жил ажиллахдаа ганц ч удаа сонсоогүй юм байна. Хэвлэл мэдээллээс л мэдэж авлаа” гэж мэдүүлсэн байдаг юм.

Товчхондоо, эхний хоёр жишээн дээр бол яах ч аргагүй хүний эрхийн асуудал байжээ гэсэн үг. Харин Б.Болор-Эрдэнэ сайдын хувьд ямар үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх болсон нь эргэлзээтэй. “Боловсролын, хандлагын ялгаа байна” гэж хэлсэн дээр лав асуудал үүсгэх боломжгүй. Харин “Орост төгссөн мэргэжилтнүүдийг нийтээр доромжилж байна” гэж хэлбэл ерэн оноос өмнө, хойно төгссөн бүгдээрээ босоод ирнэ. Өнгөрөгч долоо хоногт ниймийн сүлжээнд бий болсон “буум” яг тэгж өрнөсөн л дөө. Тэгэхээр захиалагч нь байгаа маш сайн онилсон гэсэн үг. Тэр нь ч үр дүнгээ өгсөн.

Гэтэл харамсалтай нь, Б.Болор-Эрдэнээс ч илүү хурц хурц үг хэлсэн, хэрэглэсэн сайд нар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт нэгээр тогтохгүй байна аа. Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн намар И баримтын сугалааны суталчилгааг хийхдээ хот тохижилтын ажилтныг  шторкныхоо гол дүр болгосон, “өлөн юм бэ” гэдэг үгийг оруулж ирсэн нь цахим орчинд бас л дуулиан болж байлаа. Удаах нь Цахим хөгжлийн сайд Н.Учрал. Тэр Б.Болор-Эрдэнийн дээрх бичлэг цацагдсаны яг дараа, яг эсрэгээр нь “Гадаадын том том сургуулиудад мөнгөө төлсөн хэн ч төгсөнө. Мал ч байсан төгсөнө” гэж хэлсэн нь тэгвэл хэнийг онилсон байж болох вэ?

Сайдын намтар дээр аавынхаа байгуулсан “Их Засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Боловсролын их сургуульд түүхийн ухааны магистр, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарт түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан гэж байна. Нөгөө докторынхоо ажлыг бичиж байтал дэлхий сүйрэх сураг гарангуут лаа шүдэнзээ аваад зуслан луугаа зугтдаг доктор шүү дээ.

Тэгэхээр сайд, дэд сайд хоёрын боловсролын түвшнээр маргах нь бол илүүц байх. Ёс зүйтэй, ёс зүйгүйн тухай ч яриа шаардлагагүй. Харин Монголын улс төрд үргэлж ноёлох байдалтай явж ирсэн жендерийн асуудал, хүйсийн ялгаварлалыг л МАН улам томруулж, тодруулж байх шиг...    

Б.ЗАЯА


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин