• Эхлэл
  • Т.Мөнхбаяр шоронгоос Улсын Дээд шүүхэд нөлөөлж байна уу

Т.Мөнхбаяр шоронгоос Улсын Дээд шүүхэд нөлөөлж байна уу

2022/12/14

Х.Баттулгын талын Ардчилсан намынхан өнгөрсөн сарын 17-нд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар Төмөрийн Мөнхбаярыг намынхаа Үндэсний бодлогын хорооны даргаар томилсон билээ.

Улмаар түүнийг АН-ын дараагийн дарга томилогдох хүртэл тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх хүсэлт Улсын дээд шүүхэд хүргүүлсэн юм. Уг хүсэлтийг нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэхээр товлоод байгаа.

Үүнтэй холбогдуулан нөгөө талын АН-ын дарга С.Эрдэнэ ч, хүсэлт гаргагч талын АН-ын дарга Х.Баттулга, хоёр талын ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувд, Ч.Өнөрбаяр, дэд дарга гэх Б.Гарамгайбаатар, Ц.Оюундарь, Р.Эрдэнэбүрэн, Ч.Отгочулуу, нийслэлийн намын дарга гэх Э.Бат-Үүл нарын гаргасан хүсэлт, тайлбарууд ч гаргасныг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Гэвч Үндэсний бодлогын хорооны дарга албан тушаалд томилогдсон Т.Мөнхбаяр нь өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Учир нь, түүнийг нүүрсний хулгайн гэх хэрэгтэй хамааралтайгаар, “Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал байхдаа бусдаас олон тэрбум төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутган өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэтэл Т.Мөнхбаяр нь хорих ангиас Улсын дээд шүүхэд нөлөөлөхөөр завдаж байгаа бололтой.

Тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан, Гавьяат хуульч нэгэнд хандан Улсын дээд шүүхийн нэр бүхий таван шүүгчид нөлөөлж өгөхийг хүссэн гэх мэдээлэл байна. Тухайн Гавьяат хууль ч хүсэлтийг нь хүлээж авсан гэдгээ илэрхийлсэн сурагтай.

Аль ч шатны шүүх хараат бусаар, хуулийн хүрээнд ажиллах ёстой. Хэрэв Улсын дээд шүүхийн нийт шүүгч Т.Мөнхбаярыг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэсэн тохиолдолд тухайн гавьяат хуульчийн нөлөөнд автсан гэж үзэж болох нь.

Эх сурвалж: www.livetv.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин