• Эхлэл
  • Дуусдаггүй маргаан АН: Дээд шүүхэд эсрэг 2 өргөдөл ирлээ

Дуусдаггүй маргаан АН: Дээд шүүхэд эсрэг 2 өргөдөл ирлээ

2023/01/30

Хоёр даргатай болж манаргаж байгаа АН-ын талаар өнөөдөр Улсын дээд шүүх дахин нэг албан мэдээлэл гаргасан байна. Хоёр талд хэрүүл хэлцэл хийж, толгой эргүүлж байгаа хоёр талын алийг нь АН гэхээ би байтугай гишүүд нь ч мэдэхээ больсны адил Дээд шүүхэд ирүүлсэн бичгийн учрыг ойлгоход тун хэцүү.   Эхнийх нь:

“Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувдаас ирүүлсэн албан бичиг нь “...“Эвлэрлийн” гэх тодотголтой хууль бус үйл ажиллагаанд Үндэсний бодлогын хорооны саналын эрхтэй гишүүдийн 50-аас дээш хувь нь оролцоогүй, Их хурлын төлөөлөгч сонгох үйл ажиллагааг Дотоод сонгуулийн хороо (Д.Алтанхуяг даргатай) зохион байгуулаагүй тул 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Их хурал хүчин төгөлдөр бус” гэсэн агуулгатай байна” гэж албан мэдээнд дурьдсаныг үзэхэд Л.Гантөмөрийг даргаар сонгосныг нөгөө тал нь эсэргүүцэж байгаа бололтой юм.

Харин хоёр дахь өргөдөлд:

Иргэн Л.Гүндалайгаас “...С.Эрдэнийн 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан цахим сонгууль нь хууль бус тул Д.Ганбатын өргөдлийг хуулийн байгууллага шалгаж үнэнийг тогтоотол хүлээн авахгүй байх” гэсэн агуулгатай гэснээс үзэхэд Д.Ганбат буюу С.Эрдэнийн талынхныг эсэргүүцэж байгаа бололтой. Атал Л.Гүндалай өөрөө УИХ-ын гишүүн Д.Ганбаттай намын даргад өрсөлдсөн байдаг. Ёстой л юу болоод байгааг чөтгөр ч ойлгохооргүй мэт.

Дашрамд сануулахад нэгдүгээр сарын 19-ний өдрийн АН-ын Их хурлаар УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөрийг даргаараа сонгож, мөн сарынхаа 27-нд Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ өгсөн.

Мөн С.Эрдэнэ нар 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр цахим сонгууль хийн УИХ-ын гишүүн Д.Ганбатыг даргаараа сонгосон. Одоогоор Д.Ганбатыг баталгаажуулах өргөдлийг албан ёсоор Дээд шүүхэд гаргаагүй байгаа юм байна.

Албан мэдээллийг ЭНД дарж үзнэ үү 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин