Шууд асууна уу

2023/01/31

Уржнан. Гарцаар гарч замын нөгөө талд хөл тавимагц микрофон барьсан хүүхэн гүйж ирээд “Манайд спортын сэтгэл зүйч байдаг болов уу, та юу гэж бодож байна” гэсэн асуулт тавилаа. Би энэ талаар юу ч мэдэхгүйгээс гадна надад түй ч хамаагүй учраас амыг нь дагаж эргэлзээд цааш эргэхэд дараачийн хүнийг ээрч харагдсан. Бид энэ чухал асуудлыг ард түмэн мэддэггүй, ерөөсөө энэ асуудал төр, засгийн бодлогын гадуур үлдсэн, цаашид спортын сэтгэл зүйчийг бөөн бөөнөөр бэлтгэх шаардлагатайн жишээ, нотолгоо болж аль нэг зурагт, нэвтрүүлгээр гарсан биз. 

Саяхан УИХ-ын намрын чуулган хаагдахын өмнөхөн гэнэдүүлэн оруулж хэдхэн хоногт гялс манс баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хэвлэл мэдээллийнхний дунд цучил хаясан мэт боллоо. Хэдэн өдрийн турш хүний эрхийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн уг хуулийг эсэргүүцсэн бол зөвхөн олон нийтийн телевиз сурсан зангаараа бөөрөнхийлөв. Яаж? Хууль батлагдсаны дараа энэ сэдвээр зөвхөн Цахим хөгжлийн дэд сайд Ж.Эрхэмбаатарыг яриулсны дараа сая нэг бие дааж дуугарахдаа ямар нэг байр суурь илэрхийлдэггүй юмаа гэхэд хэн юу ярьсан, дэмжсэн, шүүмжилснийг хөндлөнгөөс мэдээлэхэд л болох байсан ч тэгэлгүй ... гудамжинд гарах нь тэр.

“Цагийн хүрд”. Батлагдаад удаагүй байгаа энэ хуулийн талаар иргэд ямар бодолтой байгааг үзэгч танд хүргэе гэсэн оршилтойгоор хорооллын гудамжнаас яриулсан нь: “... сөрөг мэдээлэлтэй тэмцэх гэж байна гэж ойлгосон...хувь хүн ухамсаартай байх, зөв зохистой үг хэрэглэх хэрэгтэй ... арга хэмжээ авах нь зөв, нэр төрийг хамгаалах хэрэгтэй, тэгэхгүй бол цахим орчноор янз бүрээр аймаар хэлдэг, нэр төрд халдаж байгаа нь хууль бус хэрнээ энгийн үзэгдэл шиг их байдаг” гэх мэт. Араас нь насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болдог тухай үзүүлсэн нь “Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай” гэсэн титртэй. Яг юу ч гэсэн үг юм, бүү мэд. Олон нийтийн сүлжээнд хүний нэр төрийг хамгаалах ёсгүй гэж хэн ч хэлээгүй, гагцхүү энэ хуулинд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхийг хааж боох, тэр ч бүү хэл ертөнцөөс таслахад хүргэх эрсдэлтэй заалтууд орсон эсэхийг тойрч нийгэмд оволзож байхад МҮОНТ-ийг үзэхэд тийм яриа маргаан огт гараагүй, зөвхөн дэмжсэн иргэд байгаа ажээ. 

Гудамжинд яваа иргэдэд илт чиглүүлсэн асуулт тавьснаа тас нууж, бас хариултыг тасчин эвлүүлж юу дуртайгаа харуулна гэдэг бол олон нийтийнтелевизээс сэтгүүл зүйд оруулж буй муухай хувь нэмэр. Нэг залуу “дэмжих нь дэмжиж байгаа” гэж дуугарсныг бодоход тэгэж асуусан бололтой.

Өнөөдөр Монголд ардчилал дэлгэрээд сайхан байна. Хаа сайгүй, байн байн санал асуулга. Ноднин Д.Сумъяабазарын захиалгаар судалгааны нэгэн компани Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах арга замын талаар санал асууж нийслэлийн иргэдийн 90 хувь LRT хэмээх гүүрэн тулгуурт хөнгөн галт тэргийг дэмжсэн дүн гаргаж өгснийг Засаг дарга урдаа бариад Монгол Улсыг нэмээд нэг их наядын өрөнд оруулчих шахсан. Улаанбаатарчууд үзэж хараагүй юмаа яахаараа тийм сайн мэддэг болов? Үүний нууц нь яаж асуусанд бий. Гадаадад байдаг LRT гэж агуу юмыг барьчихвал түгжрэл яг буурах гээд байна, дэмжинэ биз дээ гэж асуухад эсэргүүцэх хүн гарах уу? Хэрвээ үүний оронд хууль бус барилгуудыг зогсоох уу, Сумъяабазарыг огцруулах гэж асуувал дүн 99.99 хувьд хүрэх байлаа. 

Ард түмнээсээ асууна, ард түмэн юу гэнэ, түүгээр болно гэж сайхан юм байна. Бүр 1995 онд батлагдсан ард нийтийн санал асуулгын хуулийг бараг 30 жил өнгөрөхөд огт хэрэглээгүй. Үүний шалтгаан бол зохион байгуулах зардал мөнгөнд биш, юуг асуухаа шийдэхэд байсан юм. Эрх баригчид юуг ч асууж зүрхлээгүй гэсэн үг. Гэхдээ дөрвөн жил тутмын улс төрийн сонгууль бол нэг төрлийн ард нийтийн санал асуулга. Асуулт нь нэр дэвшигчид, онцлог нь хэнийг сонгохыг ухуулж толгой эргүүлсэн сурталчилгаа, бас худалдан авалттай. 

Өнгөрсөн долоо хоногт улс орон даяар “Зөвлөлдөх санал асуулга” эхэлжээ. Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой бөгөөд мэдээлэл цуглуулалт, нүүр тулсан ярилцлага, зөвлөлдөх уулзалтаар дамжуулан 1570 иргэнээс асуухад тэд хэлж өгөх юм байна. Санамсаргүй тохиолдлын зарчмаар сонгосон энэ хүмүүс ард түмний дундаж. Улс төрийн нам, судалгааны хүрээлэн, үндсэн хууль судлаач, эксперт, ядахдаа иргэн Ламжав биш тэднээс дундаж бөгөөд эрээвэр хураавар санаанууд гарах учраас эхний шатанд ямар асуултыг яаж тавихаас бүх юм хамаарна. Өчигдөр Интернэтээр ил тод болсон “Зөвлөлдөх санал асуулгын судалгааны маягт”-д “Иргэдийг төлөөлөх парламентийн чадавхыг нэмэгдүүлж төлөөллийн ардчиллыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг Та дэмжиж байна уу?” маягийн асуултууд пиг дүүрэн. Мэдээж дэмжинэ, тэгээд юу гэж? Хоёрдахь шатанд зөвлөлдөх буюу мэдээлэл өгөх нэрээр цэнэглэж элдэв үг өгүүлбэр хэлүүлж байгаад дундаас нь юуг ч зохиож мэднэ. Эцсийн дүндээ одоо байгаа эрхмүүд төрийг зайдагнасан хэвээр үлдэх, чадаагүйнүүд нь төрд орох дээр нэгдэж, үүнд садаа болсон Үндсэн хуулийг өөрчлөх, үүнд хэрэгтэй хэдэн хувь, процентийг гаргаж харуулах зорилготой. Цаана нь төрийн өндөрлөгүүдийн амбиц, зөрчлөө шийдэх гэсэн хувийн санаархлууд. 

Цахиагийн Элбэгдорж 2017 онд албан тушаалаас буухаасаа өмнө “Ардын үг” нэрээр хэдэн сарын турш төстэй байдлаар бужигнуулсан нь Аугаа Ерөнхийлөгч байсан гэж хэлүүлэх ганц зорилготой байсан. Улс орон даяар олон сар үргэлжилсэн том том хэлэлцүүлгүүдийг явуулж үй түмэн санал авсны эцэст 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь дутуу буюу бараг түүхий болж таарсан бус уу? Энэ удаагийнх юугаар илүү байх бол? 

Хэрвээ ингэж сүр сүйд болохгүйгээр, гурван сая хүний толгойг эргүүлэхгүйгээр шууд, тов тодорхой асуувал жинхэнээсээ шударга болно. Жишээлбэл, УИХ-ын гишүүдийн тоог нэмээд хэд болгох вэ? Бүр тоог нь заагаад, 300 болгох уу? гэх мэт.  

P.S: 

Манай ардчилсан төр хууль гаргахдаа иргэдээсээ асуудаг болоод удаж байна. УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд цахим сайт юм уу апп ашиглаад зүйл, заалт тус бүрийн дор саналаа бичиж болдог. Сайхан санагдаж болох ч таны саналыг авах эсэх, аваад яаж ашиглахыг мэдэхгүй учраас ёроолгүй сав руу чулуудаад орхихтой адил. Үүний оронд тухайн хуулийн тодорхой зарчмуудыг томъёолоод асуух хэрэгтэй. Тэгвэл би ч саналаа өгнө. Энэ УИХ-ыг тараах уу гэвэл бүр дуртайяа хариулна. 

Эх сурвалж:baabar.mn

Ажиглагч. 2023.01.30


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин