• Эхлэл
  • Азийн хотуудын наадмын урлагийн тоглолт эхэллээ

Азийн хотуудын наадмын урлагийн тоглолт эхэллээ

2023/06/16

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 15-20-ны өдрүүдэд зохион байгуулж буй. 10 улсын 160, Монголын 90 оролцогч үндэсний хувцсаараа ижилсэн, парад алхан Сүхбаатарын талбайд орж ирснээр наадмын урлагийн тоглолтууд эхэллээ.

Соёлын биет болон биет бус өвийг дэлхийн нийтэд сурталчлан таниулах зорилготой наадмыг гадаадын гурав, дотоодын хоёр шүүгч шүүж байгаа юм. Наадмын найман төрөлд 22 улсын 280 гаруй уран бүтээлч авьяасаа сорих бөгөөд шилдгүүдийг тодруулан байр эзлүүлэх юм.

Урлагийн тоглолтыг нээж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга З.Төмөртөмөө “Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд дэлхийн 64 улсаас Монголд визний хүндрэлгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн. Улс орны ондоошлыг тодорхойлох хамгийн чухал зүйл бол тухайн орны соёл, уламжлал байдаг. Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам нь улс орны ондоошлыг дэлхий нийтэд таниулсан арга хэмжээ болж байна” хэмээв.

Мөн Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Өмнөх жилүүдэд тус наадмыг зөвхөн ардын урлагаар төрөлжүүлж зохион байгуулж байсан бол энэ жилийн хувьд гар урлалын төрлийг нэмснээрээ онцлог. Гар урчууд дэлхийд цор ганц, давтагдашгүй, улс, үндэстнийхээ өв, соёлыг илэрхийлсэн бүтээл бүтээдгээрээ онцлогтой. Наадамд зургаан улсын 20 гаруй, Монголын 300 гаруй гар урлаач оролцож, Сүхбаатарын талбайд бүтээлээ дэлгээд байна. Энэ үеэр харилцан туршлага судалж, хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэж, гар урлаачдынхаа бүтээлийг олон улсын зах зээлд гаргах ажлуудыг хийнэ” гэлээ.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш “Өнөөдөр 19:00 цагт наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээ болно. Наадмын хүрээнд  зургаадугаар сарын 17-ний өглөө 04:00 цагт ургах нарыг уртын дуутай угтах арга хэмжээ болно. Зургаадугаар сарын 18-нд шагнал гардуулах ёcлол болно” хэмээлээ.

Сүхбаатарын талбайд зочилж, Азийн орнуудын гар урлалын бүтээгдэхүүнийг сонирхож, ардын урлагийн тоглолтуудыг үзэхийг урьж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин