• Эхлэл
  • Яриа хэлэлцээний түвшинд байсан асуудлыг эцэслэхээр санал нэгдлээ

Яриа хэлэлцээний түвшинд байсан асуудлыг эцэслэхээр санал нэгдлээ

2023/06/28

БНХАУ-д айлчилж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын хооронд яриа хэлэлцээний түвшинд байсан бүтээн байгуулалтын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцлоо. Ерөнхий сайд БНХАУ "Зуны Давос" чуулга уулзалтыг Тяньжин хотноо амжилттай зохион байгуулж буйг онцлон тэмдэглэв.

Монгол Улс Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудыг төмөр замаар холбох манай талын бүтээн байгуулалтын ажлыг дуусгасан. Тиймээс энэ удаагийн айлчлалаар БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хилийн боомтуудын холболт, хамтын ажиллагаа, гэрээ хэлцлүүдийг хоёр улсын Засгийн газрын түвшинд эцэслэн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн хоёр улсын Төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон хоёр талын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг бодит ажил хэрэг болгох, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх “Тэрбум мод” төслийг хамтран хэрэгжүүлэх, авлигын гэмт хэргийн эсрэг хоёр улсын хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухаан, технологи, хот төлөвлөлтийн чиглэлийн хамтын ажиллагааг эхлүүлэх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

БНХАУ-ын Дарга Ши Жиньпин Монгол, Хятад нь Иж бүрэн стратегийн түншлэл бүхий найрсаг хөрш орнуудын хувьд хоёр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлж, олон улсад жишиг болохуйц хөрш орнуудын найрсаг харилцааг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дэвшүүлсэн бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин хотноо болж байгаа Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын нээлтэд оролцож, Давосын эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч Клаус Швабтай уулзалт хийсэн юм. “Зуны Давос” чуулга уулзалтын нээлтэд Давосын эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч Клаус Шваб, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар үг хэлэхдээ  “Ковид цар тахлын дараа эдийн засгийн форум болж байна. Дэлхийд тулгарсан сорилтыг даван туулахад эв нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал хэрэгтэй” гэдгийг онцлов. Энэ үеэр  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэтийн бодлого, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцдэг Монголын эдийн засгийн форум ирэх сарын 9-10-нд болно” хэмээгээд  профессор Клаус Швабыг оролцохыг урилаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин П.АМГАЛАН


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин