Б.Цэнддоо ийнхүү өгүүлэв.
Кафкагүй “хувирал”
Мотто: Нүүдэлчний санаа хувьсамтгай.
Хэмжээлшгүй хайр нь хязгаарлашгүй үзэн ядалт
болоход ганцхан сэтгэл хөдлөлийн зай байдаг
-нийгмийн сэтгэл хөдлөлийн тойм-
Иймэрхүү үзэгдлийн ХХ зууны Монголчууд А.Чеховын “Хамалеон”-оор жишээлэн ярьдаг байсан бол шинэ цагийн уншигчид Ф.Кафкагийн “Хувирал”-тай зүйрлэх болж. Тодорхой нэг үйл явдлын талаархи бидний байр суурь, олон нийтийн сүлжээгээр илэрхийлж буй “нийгмийн сэтгэгдэл”-д ямархуу хувирал өрнөснийг тоймлох гээд үзье. Энд ямар ч Кафка, хэн нэг Антон Чеховын хэрэг огт гарсангүй.
Нийгмийн сүлжээн дэх олон түмний сэтгэгдэл бол маш олон найрлагатай. Ухаалаг цэцэн тайлбар, гаргалгаанаас эхлээд мунхаглал, хараал зүхэл холилдсон сав. Нүүр ном, чагт-ном(Х-ийг Монголчууд чагт гэдэг санагдана) гарснаас хойш ийм болсон ч юм биш. Харин ч түүний ачаар бид олон нийтийн бодлын далай руу хүсснээрээ өнгийх боломжтой болсон.
Үлгэрлэвээс, Жанчивлангийн рашааныг төв цэвэрлэх байгууламжийн доторхитой хольсон мэт найрлага. Угаасаа ч орчлонийн мөн чанарын загварчлана гэвэл иймэрхүү буй заа.
Төв цэвэрлэх байгууламж гэснээс, ялгадсаа биеэс гарсан хойно оо, эзнээсээ алсрах тусмаа муухай үнэртэй болдог мэтээр төсөөлдөг ч үнэн хэрэгтээ эзнийхээ дотор байхдаа тэр чанарыг олсон байдаг. За энэ ч яахав?
...Хэдхэн хоногийн өмнө аймшигт явдал болж, шатамхай хийх ачсан машин дэлбэрч, хүний амь хохирч, иргэдийн олон байр, өмч хөрөнгө сүйдлээ. Бидний ихэнх нь Кафкагийн зохиолын баатрын нэгэн адилаар өглөө сэрээд л иймэрхүү явдал болсныг мэдсэн байдаг.
Өглөөгүүрээ, ажил алба цугласны дараахан Онцгой байдал хариуцсан сайдыг орон даяараа үзэн ядаж байв. Хүмүүс гурван хүчин зүйлийг иш болгон тэднийг буруутгаж эхлэв. Нэгдүгээрт, амь үрэгдсэн гурван хүн нь аврагч байсан. Хоёрдугаарт, хэдхэн хоногийг өмнө өөр нэг аврагч орон сууцны гал унтрааж яваад нас барсан нь С.Амарсайхан сайдын хариуцсан салбар мөн, гуравдугаарт, тэрээр мэдээлэл өгөхдөө “хүн нас бараагүй, харин гурван аврагч л амиа алдсан” гэж ч ойлгогдохоор ярьсан нь олны эгдүүг хүргэсэн байв. (Мэдээллийн хэрэгслэл түүний үгийг дамжуулахдаа буруу найруулсан ч байж магадгүй. Улмаар гурван хүн нас барсан, гурван аврагч нас барсан гэх маягаар мэдээллээ оруулснаас болоод гадаадын агентлагууд зургаан хүн осолдож эндсэн байдлаар мэдээлсэн явдал гарсан гэж ойлгогдсон)
Үүн дээр мухар сүсгийн гэмээр боловч зүйл ишлэгдэн, олны эгдүүг бүүр их хүргэж эхлэв. Одоогийн Онцгой байдал хариуцсан сайдын төрсөн ах Отгонбаяр нь Онцгой байдал хариуцсан сайд байх үед нисдэг тэрэгтэй аврагчид осолдсныг нэхэн дурсаж байв.
Тун удалгүй үзэн ядалтын урсгал Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Г.Амарбуян руу шилжив. Салбар хариуцсан Ерөнхий газрын даргын хувьд түүнийг буруутгах нь зүй ёсных байсан ч кракуль малгай, зах нь олны эгдүүг голлон хүргэлээ. Даргыг эс өмөөрөн өгүүлэхэд: нэгдүгээрт, орчин цагийн үнэт гоёлын эгнээнээс хол шидэгдсэн,социалист нийгэм, Зөвлөлт засгийн номинклатурын илэрхийлэл болсон энэхүү аржгар гоёлоос татгалзах цаг болжээ. (Угаасаа ч нялх амьтныг нядалж авсан арьсаар хийдэг, хилэнц шингэсэн хувцас хэмээн хуучин цагийн хөгшчүүд их л сэжиглэдэг байснаас гадна өнөө үеийнхэн хүмүүнлэгийн үүднээс дургүйцэх болжээ) Хоёрдугаарт, генералууд ганган формоо баяр ёслолоор асаагаад, онцгой нөхцөлд арай өөр өмсгөлтэй явахгүй бол “оршуулган дээр ая дууны мэндчилгээ дэвшүүлэх” мэт гажууд үзэгдэн, олны дургүйг хүргэх царайтай байна.
Нийгмийн уур хилэн Ариунбуян даргаас илүүтэйгээр “угсаа залгамжилсан” Онцгой байдлын сайд руу хандаж байсан учраас эрчим нь нь хэсэгтээ яльгүй сулрав. Гэвч, “Онцгой байдлын дөрвөн албан хаагчийн дунд нэг хувцас байгаа” гэсэн мэдэгдлийн дараагаар уур хилэн Г.Ариунбуян руу буцаад эргэв. Арай ч өдөр тутмын дүрэмт хувцас, дотоож энэ тэрийг хэлээгүй, галын өмсгөл сэлтийг ярьсан байх. Гэвч энэ мэдэгдэл “энэ генерал кракуль хурган малгайтайгаа яваа юм чинь цаана нь гурван генерал толгой нүцгэн алхаж яваа хэрэг үү” хэмээн тохуурхаж эхлэв.
Тэгж байтал, дэлбэрсэн машины жолооч амьд гарсныг мэдүүтээ түүнийг буруутгаж эхэллээ. Шатаж эхэлсэн машинаа өөр тийш чиглүүлж холдуулсангүй гэдэг шалтгааныг голлон ярьж байв. Гэвч, хэн нэгний “жолооч хамгийн түрүүн амиа аврах ёстой. Баруун ертөнцөд ч ийм жишигтэй” гэсэн санал олон түмэнд хүчтэй нөлөөлөв.
Галд өртсөн орон сууцтай залгаа Глобал сургуулийн барилгын хоёр хэсгийг дээгүүр холбосон гүүрэн хонгил үзэн ядалтын чухал байны нэг болов. Гүүрэн хонгил доогуур галын машин багтахгүй байсан гэх мэдээллээс эхтэй байлаа. Уг сургуулийн эзэн нь АН-ын дарга Л.Гантөмөр гэх тул гал түймрийн хэрэгт Ардчилсан намынхан татагдаад явчихлаа. Тун ч удалгүй, сургуулийн барилга угаасаа ийм зураг төслөөр, тал талаасаа галын машин очих боломжтой байв. Харин хожим хойно гарц хаасан орон сууц боссон гэх мэдээлэл тарж, АН галын аюулаас түр аврагдах нь тэр.
Энэ зуур “эмгэнэл”-ийн дажин бас дэгдлээ. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор бараг хамгийн түрүүн эмгэнэл илэрхийлснээсээ болоод нийгмийн сүлжээгээр бараг зодуулан алдав. Олон нийтийн зүгээс түүнийг, эмгэнэлт үйл явдлыг далимдуулан өөрийгөө сурталчлахыг оролдсон гэж буруутгасан юм. (Ер нь бол энэ завшааныг ашиглаад авъя гэсэн этгээд ч цөөнгүй л харагдсан, өнөө нэг “ушу цохидог” инжнаараас эхлээд) Өнөрболор гишүүнийг харж хаширсан улс төрчид дуугаа хураалаа.
Чех, Америкийн Элчин сайдаас эхлээд улмаар Хятадын элчин сайдын Яамнаас эмгэнэлээ илэрхийлж, гай зовлон тохиолдсон хүмүүстэй сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа нийгмийн сүлжээгээр дамжууллаа. Аанай л “Оросын элчин хаана байна” гэж ганц нэг хүн сураглаж байсан боловч... тэгсгээд таг болов.
Хүн нам нэлээн түрүүлээд эмгэнэл илэрхийлж, АН нэлээн хожимдож, тэгснээ Засгийн газрынх гарах шиг боллоо. АН нэлээн хожимддог нь даргынх нь сургуулийн барилга галтай холбогдсон гэх мэдээллээс үүдээд “Галын аюулгүй байдлын үүднээс Глобал сургуулиа эхлээд нураа” хэмээн давалгаалахаас болгоомжилсных болов уу?
Нэг мэдэхэд, Онцгой байдал хариуцдаг шадар сайд нь, салбарынхаа төсвийг хассан Жавхлан сайдыг буруутгаснаас хойш олны уур хилэн Сангийн яам руу эргэсэн байв. Сайд-гишүүн Б.Жавхлан л хэргийн эзэн болоод Амарсайхан нь зайлуул, муу хүний хомрогонд хэлмэгдэж яваа шинжийг олоодхов. Гэвч энэ гэрэлт зурвас удаан үргэлжилсэнгүй, хэргийн эзэн Жавхлан гарч ирээд Онгцгой байдлын салбарын төсөв харин ч нэмэгдснийг ярьснаар олон түмний уур хилингийн урсгал чиглэлээ өөрчлөв.
Оройхон тийшээ, сисчээртэй мөргөлдсөн Ниссан Патроль машиныг үзэн ядсан сэтгэгдэл голлов. Уг машин Батлан хамгаалах Яамны мэдлийн унаа байж таарсан нь олны уур хилинг тийш чиглүүлэх шалтаг болов. Цэргийн анги салбарт гарсан гэмт хэрэг, үхлийн асуудлаас үүдээд олон түмний дунд хуримтлагдсан бухимдлыг сэдрээсэн учраас тэр бололтой.
Эндээс, шатамхай хий тээвэрлэж явсан жолоочийг өмөөрөх хандлага хөгжив. Зарим хуульч түүнийг үнэ төлбөргүй өмгөөлөхөө зарлаж амжив. Хоёр хоногийн дараа Дашваанжил компаний удирдлага мэдээлэл хийхдээ, “жолоочоо хамгаална” гэсэн нь массын сэтгэгдэлд бүр ч хүчтэй нөлөөллөө.
Учирсан хохирол, уй гашуу зэрэг нь хоёр, гуравдугаар асуудал болоод аюултай ачаа тээвэрлэж явсан жолоочийг хамгаалах нь тулгамдсан асуудал болоод явчихлаа. Нөгөө талаас нь харвал, аливаа осол аваар, гэмт үйлдэлд эрх мэдэл бүхий дээд албан тушаалтнууд хариуцлага хүлээдэггүй, ядруу дорой нэгэн рүүгээ бүх бурууг чихээд өнгөрдөгт дургүйцсэнтэй холбоотой байх.
Харин, хийн бизнес эрхэлдэг Дашваанжил компаныхан их хэрсүү улс аж. Янз бүрийн тайлбар хийлгүй хоёр хоног хүлээсний эцэст, олон нийтийн санаа бодлын давалгаа оргилоосоо буухын хэрд сүрхий оновчтой хоёр зүйлийг мэдэгдэв. Эхнийх нь мэдээж, жолоочоо өмгөөлж хамгаална гэдэг санаа олны таашаалд нийцсэн төдийгүй, ажилчдаа хамгаалдаг сайн компани юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлэв. Улмаар, албан болоод албан бус бүхий л мэдээлэлд дурьдагдсан “60 тонн хий тээвэрлэж явсан” гэх мэдээллийг няцаалаа. Уг сисчээрийн даац 15 тонн орчим байжээ. Ингэснээрээ, “Ослын талаархи өмнөх мэдээллүүд цөм хуудуутай юм байна. Харин бодитой үнэн мэдээллийг Дашваанжил л ярих юм байна” гэсэн сэтгэгдэл олонхид үлдээсэн ажгуу.
Харин, одоо хүртэл яригдсаар байгаа “60” гэдэг тоо анх хаанаас гарав? Энэ нь сисчээрийн эзлэхүүн байсан юм биш биз? Эзлэхүүн, жин хэмээх метр, литр хоёр лугаа адил огт өөр хэмжигдэхүүнийг андуурсан болон андуурлыг ашиглан тоглолт хийсэн үү?гэх мэтийг эргэцүүлэх нь залхуутай, оюуны хүч шаардах хүнд хөдөлмөр учир авч хэлэлцсэнгүй өнгөрөв.
Түймрээс уламжлаад, хотын доторхи бензин түгээгүүрийн асуудал хөндөгдөв. Эхэндээ, бүх колонкийг хээр гаргаж хаях маягтай байснаа “Бензин авах гэж түгжээ туулан хотоос гарч, ордог болох юм биш үү” гэсэн хэрсүү нэгнээс болоод баахан намжив. Шатахуун түгээх цэгийг хотоос бүр гаргахаа болиод зөвхөн орон сууцнаас холдуулах хэмжээнд бууснаа, сүүлдээ сургууль орчмоос зайлуулах дээр тулаад үлдсэн үү, яасан? Зарим орон сууцны хажууд бензин колоонк барьсан тал бий боловч ихэнх орон сууц хуучин колонкны дэргэд боссон баримт гарч ирээд ацан шалаанд оруулсан тал ч бий.
Мухар сүсгийн тал ч энэ зуур гараа хумхин суусангүй. Залуус “гал, гал” гэдэг сул үгийг их хэрэглэх болсноос үүдэн түймэр гарсан гэдэг дээр чамгүй олон “лаяк, шиэр” дарагдав. Үзмэрч нар түүний оронд ямар үгээр уулга алдахыг хэлсэнгүй. Лавтайяа “ус, ус”гэхийг зөвлөөгүй нь үер усны аюулаас болгоомжилсных байх аа. (Үгнээс болов гэснээс, “Сайн”, “Буян”, “Амар”, “Сайхан”, “Ариун” “Буян” гээд үнэхээрийн сайхан үгс энэ салбарын дарга, сайдын овог, нэрэнд орсон байх юм, уул нь)
Дүнжингаравын зам маш их түгжирч олны бухимдал төрүүлдэг учраас тэр цэг дээр түймэр гарав гэсэн төлөг ч бас харагдсан. Тэрэн дээрээ тулбал Яармагын зам... за нүгэл байгаа даа, болих минь.
Олон түмний санаа ганц, хоёрхон өдөрт хэрхэн хувьссан байдлыг хөндлөнгөөс ажиглахад иймэрхүү.
Хүний санааг хэлчихээд өөрийнхийгээ орхивол нүгэл болно. Бусадтайгаа л адилхан сэтгэгдлийн давалгаа ээлжилж байсныг нуух юун.
Гэвч эцсийн эцэст, гай гамшгийн цаана дүрэм журмыг эс хэрэгсэх хэнэггүй хандлага “За яав л гэждээ, сүртэйшдээ”, “Тэгтлээ хаа юм бэ”, “Болоод л ирсэн юм” гэдэг “иргэншлийн өмнөх” сэтгэлгээ байгаа. Болоод ирсэн юм болохоо байчихаад байна аа!
Нүүдэлчний хэнэггүй зангаа орхиж, иргэншлийн дүрмээр амьдарч эхлэхгүй бол гай гамшиг биднийг сүүдэр мэт дагах бололтой.
2024.01.31
Сэтгэгдэл байхгүй байна