• Эхлэл
  • Р.Энхчулуун: Зөвхөн халамж биш, боломж олгох бодлого хэрэгтэй байна

Р.Энхчулуун: Зөвхөн халамж биш, боломж олгох бодлого хэрэгтэй байна

2025/05/09

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд... Тэд бүгд хүүхдүүдийнхээ төлөө амьдралаа золин тэмцэгчид байдаг. Зөвхөн хүүхдээ асран торниулахаас гадна чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж, бие даасан санхүүгийн боломжтой болох нь тэдний хувьд бусад ээжүүдтэй харьцуулахад харьцангуй бэрхшээлтэй том даваа байдаг. Хэдийгээр боломж бололцоо сул ч хөгжлийн бэрхшээлтэй ээжүүддээ туслах, тэдний боломжийг илүү нэмэгдүүлэхээр олон жилийн турш уйгагүй зүтгэж яваа сайхан сэтгэлт бүсгүйчүүдийн нэг “Марал-Элч” сангийн үүсгэн байгуулагч Р.Энхчулуунтай бас нэгэн шинэ төслийнх нь талаар ярилцлаа.

-“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн цахим ур чадварыг сайжруулах замаар эдийн засгийн эрх мэдлийг нь нэмэгдүүлэх нь” гээд төслийн нэрнээс нь эхлээд ямар зорилго чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг нь ойлгогдож байна л даа. Тэгэхээр хийж байгаа, хийсэн ажлууд дээрээ тулгуурлан ярилцвал илүү цаг хэмнэх байх? Ямар, ямар ажлууд хийж байгаа билээ?

-Төсөл маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл, байнгын асаргаатай хүүхдээ асарч буй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн цахим ур чадварыг сайжруулж, нийгэм эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахим хуваагдалд хамгийн их өртөж буй хүн амын бүлгүүдийн нэг. Цахим орчинд оролцох боломж нь хязгаарлагдмал, цахим орчноос мэдээлэл авах, хүмүүстэй харилцах аюулгүй байдлаа хамгаалах чадвар сул,  цаашлаад цахим орчны давуу талуудыг ашиглах, ардчилсан үйл явцад оролцох боломжийг хязгаарлаж, шийдвэр гаргах үйл явцад тэдний саналыг оруулахгүй байдлыг бий болгож байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран халамжлах үүрэг хүлээсэн эмэгтэйчүүд ажил эрхлэх боломжгүй, ихэвчлэн хувиараа хөдөлмөрлөх болон бичил, жижиг бизнес эрхэлж, нийгмийн хамгааллын баталгаа багатай албан бус салбарт  ажиллаж байна. Дижитал технологи цахим ур чадвар эзэмшсэнээр иргэдийн өргөн хэрэглээ болсон ухаалаг утсыг ашиглан энгийн хэрэглээнд бүх зүйлийг хялбараар шийдэх, орон зай, цаг хугацаанаас үл хамаарч хүссэн мэдээллийг авч ашиглахаас эхлээд дижиталд суурилсан зүйлийг ойлгох, хэрэглэх чадвартай  болох, дижитал маркетинг ашиглан сурталчилгаа борлуулалт хийх, ашиг орлого олж өрхийн орлогодоо нэмэр болоход нь туслах юм. Төслийн хүрээнд дараах  сургалтууд  явагдана. Үүнд:

1.Цахим ур чадварын боловсрол олгох: Цахим төрийн үйлчилгээ авах, нийгмийн үйл явцад бодит түвшинд оролцох, нөлөөлөх чадавхыг нэмэгдүүлэх

2.Бичил бизнес эрхлэх ур чадвар хөгжүүлэх: Бичил бизнес эрхлэх, эхлүүлэх, санаагаа бүтээлч үйл ажиллагаа бизнес болгон хөгжүүлэх ур чадвар олгох,  бүтээлч байдал хамтын ажиллагааг сайжруулах

3.Бизнесийн маркетинг,  дижитал платформ ашиглах чадвартай болгох. Онлайн маркетинг хийх, контент сурталчилгаа, хийсэн бүтээгдэхүүнээ борлуулах, худалдаанд оролцох ур чадварыг нэмэгдүүлэх.

4. Эмэгтэйчүүдийн санхүүгийн болон бизнесийн шийдвэр гаргах чадварыг сайжруулах

-Ер нь энэ төсөл хаанаас эхлэлтэй, анх яагаад энэ чиглэлээр хэзээнээс ажиллах болсон бэ?

-Энэ санаа амьдралын дундаас л урган гарсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй олон эцэг эх, тэр дундаа эхчүүд зөвхөн хүүхдээ асрах үүрэгт дарагдан, орлогогүй, нийгмээс тусгаарлагдсан байдалд байгааг харж, сонсож, хамт байж мэдэрсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй олон ээж зөвхөн гэртээ хүүхдээ асарч, өөрийн хэрэгцээ, хүсэл мөрөөдлөө ор тас мартдаг. Нийгмийн үйлчилгээ хангалтгүй, орлого үүсгэх боломж байхгүй. Энэ нь дан ганц эдийн засгийн биш, сэтгэлзүйн доройтлыг бий болгодог. Би энэ асуудлыг өөрийн амьдрал, эргэн тойрондоо мэдэрсэн. Тиймээс өөрчлөхийг зорьсон. “Марал-Элч сан” 2012 оноосэнэхүү асуудлыг системтэйгээр шийдэхийн тулд судалгаа хийж, төрийн байгууллагуудад саналаа хүргүүлэх, жижиг төслийн хэлбэрээр хэрэгжүүлж эхлэх гэм мэтээр ажилласан. Төслийн цаад зорилго нь эдгээр эмэгтэйчүүдийг зөвхөн асран хамгаалагч бус, эдийн засгийн хувьд бие даасан, сэтгэлзүйн хувьд тогтвортой, эрх мэдэлтэй иргэн болгон бэхжүүлэхэд оршиж байгаа юм.

-Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг үгнээс эхлээд хүмүүс янз бүрээр хүлээж авдаг. Мэдээж яривал хүндрэлтэй, онцлууштай асуудлууд олон байгаа. Яг танай төслийнхний хувьд хамгийн тулгамдсан асуудлууд?

-Тийм ээ, “хөгжлийн бэрхшээлтэй” гэдэг үг зарим хүний хувьд өрөвдөлтэй, бусдын дэмжлэгт найдах байдалтай холбогддог бол заримынх нь хувьд зүгээр л өөр орчноос оролцож, амьдрах онцлог юм. Бидний хувьд хамгийн том тулгамдсан асуудал бол хандлага. Нийгмийн зүгээс тэднийг өрөвдөх, эсвэл үл ойшоох хоёр туйл давамгайлж байна. Үүнээс гадна нийгмийн үйлчилгээ, ажил бизнес, сургалтын боломжууд тэгш бус, асран хамгаалагчид өөрсдөө орлогын эх үүсвэргүй, байнгын дарамтад байдаг. Энэ нь тэдний сэтгэлзүйн болон биеийн эрүүл мэнд, нийгэмд оролцох чадамжид хүчтэй нөлөөлдөг.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүмүүсийн ард гэр бүлийнхэн нь маш том үүрэг хүлээдэг, маш их ачаалал үүрдэг. Нэг үеэ бодвол энэ чиглэлээр харьцангуй анхаардаг болсон гэж би хувьдаа боддог. Үнэхээр анхаарч чадаж байна уу?

-Харьцангуй анхаарч эхэлж байгаа ч бодит дэмжлэг хангалттай биш. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эхчүүд амьдралынхаа 24 цаг хүүхдэдээ зориулагддаг. Энэ бол хувь хүний үүргээс гадна төрийн бодлогоор дэмжих ёстой асаргаа үйлчилгээний хариуцлага байх ёстой гэж боддог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эхчүүдийн нийгмийн оролцоо зөвхөн тэдний хүсэл, чадвараас хамаардаггүй. Төрийн  болон нийгмийн зүгээс асрахуйн хөдөлмөрт  хандах хандлагаас шууд шалтгаалдаг.

Хүүхэд төрүүлж буй эмэгтэйчүүд 18-40 насны ид хөдөлмөрийн насны хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй оролцогч нөөц байх ёстой хүмүүс байдаг. Одоогоор энэ бүлгийн нийгмийн оролцоо, ажиллаж хөдөлмөрлөх эрх, сэтгэл зүйн эрүүл мэндийг бодлогын түвшинд системтэйгээр дэмжиж чадах цаашид өргөжүүлэх боломжтой жишиг моделъ ховор байна.Үнэхээр шаардлагатай зүйл бол тэднийг хөгжлийн оролцогчоор харах систем. Зөвхөн халамж биш, боломж олгох бодлого хэрэгтэй байна. Бидэнд хамгийн хэрэгтэй зүйл бол өрөвдөл энэрэл биш боломж, хүлээн зөвшөөрөлт. Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой аливаа бодлого, үйлчилгээ асаргаа халамж төвтэй байх нь элбэг.

Харин нөөц боломж дээр нь суурилсан хөгжлийн бодлого ховор. Манай төсөл үүнийг өөрчлөхийн төлөө ажиллаж байгаа. Тэднийг ажил хөдөлмөр эрхлэгч,  суралцагч, бүтээгч, орлоготой, нийгмийн идэвхтэй иргэн болгож харах тэр бодлогын жишээ болж чадна гэж итгэж байна.

-Ойрын хугацаанд та бүхний хийхээр төлөвлөж буй ажил?

Бид дараагийн шатанд цахим худалдааны хамтарсан платформ, бичил үйлдвэрлэгчдийн кластер хэлбэрийн хамтран ажиллах орон зайг бий болгох зорилготой. Үүнийг:

•Төрийн зарим хөтөлбөртэй уялдуулах,

•Сургалтаас гадна борлуулалтын дэмжлэг, зах зээлд холбох системийг хөгжүүлэх чиглэлд өргөжүүлэхээр төлөвлөж байна.

-Холын ирээдүйг бид төлөвлөж, харах дуртай. Холын ч юм уу, ойрын 10 жилдээ юу хийх юм сан, юу хийгээсэй гэж боддог вэ?

-Би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлүүдийг эцэг эхчүүдийг зүгээр нэг амьд үлдэхийн төлөө тэмцэж буй бус, нийгмйин амьдралын идэвхтэй оролцогч, нөлөөлж чаддаг манлайлагч, шийдвэр гаргагч, эсвэл амжилттай бизнес эрхлэгч, бусадтай хамтран ажиллагч, дэмжиж чаддаг нэгэн  байгаасай гэж хүсдэг. Тэдний амьдрал өөрчлөгдөх нь нийгмийн хандлагыг өөрчлөх том хөшүүрэг гэж би боддог. Улс орны бодлого, нийгмийн хандлагад өөрчлөлт авчрах тийм төвшинд хөгжих нь бидний алсын хараа. Бид зөвхөн төслийн амжилтаар биш, тэдний амьдралын өөрчлөлтөөр хэмжигдэх үр дүнд зорьж байна.

-Баярлалаа, та бүхэнд амжилт хүсье.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна