• Эхлэл
  • Монгол, Австрийн төрийн тэргүүн нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв

Монгол, Австрийн төрийн тэргүүн нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв

2025/05/26

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй яриа өрнүүллээ. Талууд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан харилцааг улам бататгаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Хэлэлцээний үеэр Монгол Улсын “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт–2100” тэтгэлэгт хөтөлбөр зэрэг санаачилгуудын хэрэгжилтийг дэмжих талаар Австритай хамтран ажиллахыг онцлон ярилцсан байна. Мөн дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ, ус, хог хаягдлын менежмент, хөдөө аж ахуй, хүний хөгжил зэрэг салбарт төсөл, хөтөлбөрүүдийг санхүүгийн болон техникийн хамтын ажиллагаагаар дэмжихээр тохиролцжээ.

Австрийн талын ойн менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох туршлагыг ашиглан усны нөөц хамгаалах, цөлжилттэй тэмцэх, ойн хомсдолыг бууруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болов. Түүнчлэн уул уурхай, ашигт малтмалын боловсруулалт, эрчим хүч, цахим шилжилт зэрэг салбарт хамтарсан судалгаа хийх, технологи, ноу-хау нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ илэрхийлэв.

Аялал жуулчлалын салбарт уулын болон өвлийн аяллыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүс нутгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахын зэрэгцээ боловсон хүчин бэлтгэх, туршлага солилцох чиглэлээр ажиллахыг онцлон ярилцжээ. “Илгээлт–2100” хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг Австрид дээд боловсрол эзэмшүүлэх, хоёр улсын Шинжлэх ухааны академийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болсон байна.

Мөн уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, цөлжилтийн эсрэг олон улсын түвшинд хамтран ажиллах, хамтын хувь нэмрээ оруулах талаар санал нэгдлээ.

Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений энэ удаагийн айлчлал нь Австри Улсын төрийн тэргүүн түвшинд Монгол Улсад хийсэн анхны түүхэн айлчлал бөгөөд хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргах чухал алхам болж байна. Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2003 онд, Ц.Элбэгдорж 2014 онд Австрид албан ёсоор айлчилж байжээ.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна