• Эхлэл
  • Ерөнхий сайдад нэр дэвшигч өнөөдөр тодорно

Ерөнхий сайдад нэр дэвшигч өнөөдөр тодорно

2025/06/06

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааныг өнөөдөр 11:00 цагт зарлаад байна. Удирдах зөвлөлийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн дэмжлэг хүлээх үү, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүн дэмжигдэх үү гэдэг нь шийдэгдэнэ.

Хоёр талаас нэр дэвших магадлал өндөр горилогчдын нэрс өнгөрсөн өдрүүдэд олон нийтэд “цацагдаж” тест авсан.

Харин одоо УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, өнөөгийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал  нар тунаж үлдээд байна.

Хуульд шинэ Засгийн газрын бүрдтэл өмнөх Засгийн газар үйл ажиллагаа үргэлжлүүлнэ гэж заасан ч УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон танхимын сайд нарын ирцийг харвал тун хангалтгүй дүн үзүүлсэн. Нийт 23 сайдаас 11 нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй. Үүнд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 11 сайд багтаж буй.

Иймээс аль болох цаг алдалгүй Ерөнхий сайдыг тодруулж, томилох нь төрийн ажил цалгардахаас сэргийлэх учиртай. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг МАН-ын Удирдах зөвлөлөөр дэмжсэн тохиолдолд Бага хурлаар хэлэлцэнэ. Бага хурлаас дэмжигдсэн нөхцөлд УИХ-ын чуулганаар батлуулах учиртай. Түүний дараа Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд танхимаа байгуулна.

Гэвч МАН шинээр томилогдсон Ерөнхий сайдад өөрийнхөөрөө Засгийн газраа байгуулах эрхийг нь олгох нь юу л бол… Наад зах нь парламентад суудалтай улс төрийн намуудтай хамтрах эрхийг нь өгөх үү гэдгээс эхлээд сорилт ирнэ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна