
Швейцарын эрх баригчид Кранс-Монтана цанын баазад байрлах “Le Constellation” бааранд гал гарсны улмаас олон хүний амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан тус газрын менежерийг эрүүгийн хэрэгт татаж, мөрдөн шалгалт явуулж эхэлжээ. Прокурорын байгууллагаас мэдэгдэхдээ, баар нь галын аюулгүй байдлын дүрэм, ослын гарц, үйл ажиллагааны зөвшөөрлийн шаардлагыг хангаж байсан эсэх, мөн хайхрамжгүй үйлдэл гарсан эсэхэд төвлөрөн шалгаж байна.
Одоогоор баарны менежер албан ёсоор ял сонсгоогүй ч хуулийн хүрээнд шалгалтад хамрагдаж байгаа аж.
Шинэ жилийн баярын үеэр болсон уг ослын улмаас 40 гаруй хүн амь насаа алдаж, олон арван хүн гэмтэж бэртсэн хэргийн улмаас улс даяар гүн эмгэнэл зарлаад байгаа. Мөрдөгчид одоогийн байдлаар оргилуун дарсны лонхны хүзүүнд уяж бэхэлсэн бенгалын галаас гал түймэр эхэлсэн гэж үзэж байгаа. Вале муж улсын ерөнхий прокурор Беатрис Пиллу “дуу тусгаарлагч акустик хавтангаар хийсэн дүүжин таазанд дарсны лонхыг хэт ойртуулан барьж буудуулснаас гал гарсан бололтой” гэж мэдэгдсэн.
Дарсыг буудуулах үед оч үсэрснээс агшин зуурт гал авалцаж, танхим дахь агаарын хэм 1000-2000 градуст хүрч, хүчилтөрөгчийн агууламж дөрвөн хувиас багассан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ийм орчинд тусгай хамгаалалтын хувцасгүй, маскгүй хүн амьд үлдэх боломжгүй юм.
Аврах албаныхан шуурхай ажилласан ч уг эмгэнэлт явдал аюулгүй байдлын хяналт, хариуцлагын талаар ноцтой асуулт дагуулж байна. Үүнтэй холбогдуулан Швейцарын Засгийн газар тав хоногийн үндэсний гашуудал зарлаж, төрийн далбааг хагас буулган, олон нийтийн арга хэмжээг цуцлах, хойшлуулах шийдвэр гаргалаа. Швейцарын төрийн өндөр албан тушаалтнууд амь үрэгдэгсдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, хэргийг ил тод, шударгаар шалгана гэдгээ мэдэгдсэн байна. “Хэрэв зөрчил илэрвэл хариуцлага хүлээлгэнэ” хэмээн албан ёсны мэдэгдэлд онцолжээ.
Холбогдох байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг онцолж, олон нийтийг урьдчилсан дүгнэлт хийхээс зайлсхийхийг уриалсан байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC


Сэтгэгдэл байхгүй байна