• Эхлэл
  • Эрээн хотод “Монгол-Хятадын цагаан сар” үзэсгэлэн болно

Эрээн хотод “Монгол-Хятадын цагаан сар” үзэсгэлэн болно

2026/01/16

 БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хятад-Монголын цагаан сарын үзэсгэлэн” олон улсын үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийжээ.

 

Хятадын “Хиромаса конвеншион” компаниас долоо дахь жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэнд хоёр улсын 130 гаруй аж ахуйн нэгж оролцож, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулж байна. Үүнээс Монгол Улсын 30 гаруй жижиг, дунд үйлдвэрлэгч өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээрээ экспортын зах зээлд хүч үзэж байгаа юм. Монголоос ноос ноолууран нэхмэл хувцас, арьс ширэн гутал, цүнх, гар хийцийн болон оёмол дээл, гоёл чимэглэл, үнэт эдлэлээс гадна эрүүл мэндийн ач холбогдолтой хатаасан мах (борц), байгалийн зэрлэг жимсний цай зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ.

 

Харин хятадууд гэр ахуйн өргөн хэрэглээний бараа, ухаалаг төхөөрөмж, гал тогооны хэрэгсэл болон хүнсний бүтээгдэхүүн, чихэр, нарийн боов тэргүүтнээр оролцож байгаа аж. Цагаан сарын баярыг угтан худалдан авалт эрс нэмэгддэг энэ үед зохион байгуулдаг уг үзэсгэлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зардал багатай монгол бараа бүтээгдэхүүнийг таашаан сонирхдог зах зээлд шууд хүрч, борлуулалтаа нэмэхээс гадна шинэ түнш, харилцагчтай болох бодит боломжийг олгодог аж.

Үзэсгэлэн худалдаа 10 хоног үргэлжилнэ. 

 

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна