
Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр” сан болон “iToim” агентлагаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зарлаж байна.
Шилдэг нийтлэлийн уралдаан нь улс төр, эдийн засгийн сэдвийг хамрах юм. Энэ уралдааныг гол зорилго нь мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, орчин цагийн сэтгүүл зүйд үйл явдлын учир шалтгаан, төлөв байдал, асуудлын мөн чанарыг задлан шинжилсэн аналитик бүтээлүүлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчдийн ур чадварыг ахиулахад оршиж байгаа аж. Сэтгүүлчид бүтээлээ өгөхдөө улс төр, эдийн засгийн чиглэлээр бичсэн байх бөгөөд өөрийн сонгосон сэдвийн хүрээнд нэг сэтгүүлч нэг бүтээл ирүүлэх юм байна.
Бүтээл нь олон нийтийн анхаарал татах, нийгмийн сэтгэл зүйд хүрэхүйц, тоо баримт, судалгаанд тулгуурласан, шинэ санаа дэвшүүлсэн, асуудлыг шийдэх арга зам, гарц гаргалгааг тодорхойлсон байх ёстойгоос гадна сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг баримтлах, улс орны нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, нийтийн эрх ашгийг хөндсөн, шийдвэр гаргахад нөлөөлөхүйц, нээлттэй сэтгэлгээг дэмжсэн байх шаардлагатай. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг сонгон шалгаруулалт дууссаны дараа iToim.mn сайтаар дамжуулан олон нийтэд хүргэнэ. Улмаар шилдэг нийтлэлийн эзнийг өргөмжлөл, 10 сая төгрөгөөр шагнах аж.
Оролцогч бүтээлээ info@itoim.mn хаягаар болон биечлэн ирүүлж болох бөгөөд овог нэр, нийтлэлчийн зураг, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг бүхий мэдээллийг хавсаргах бөгөөд гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна. Уралдаанд ирүүлсэн материалуудыг сэтгүүл зүйн салбарыг судалдаг, тус салбарт ажилласан туршлагатай мэргэжлийн хүмүүс шүүж, гуравдугаар сарын 9-нд шалгаруулна.


Сэтгэгдэл байхгүй байна