Ардчилсан намаас эрчим хүчний салбар дахь цаг үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2026.01.22/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Бид өглөө сэрэхэд тоггүй, орой харихад бас л тоггүй хотод амьдарч байна. Ирээдүй цаг дээр асуудлыг ярьж, "Хоёр жилийн дараа сайхан болно" гэж худлаа ярьж ирсний бодит үр дүн энэ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эрчим хүчний аюулгүй байдлын талаар тусгасан байдаг. Гэтэл Монгол Улсад Эрчим хүчний аюулгүй байдал бүрэн алдагдлаа.
Сүүлийн нэг жилийн хугацаанд цахилгаан станцуудад дараалан дэлбэрэлт гарч, хүний амь нас эрсдэх хүртэл нөхцөл бий болсон. Харамсалтай нь үүнд хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Засгийн газарт хариуцлага хүлээдэг тогтолцоо байхгүй болчихсон юм байна. Эрчим хүчний реформын үндэсний хороог татан буулгасан нэрийн цаана Шадар сайдын ажлын албан дээр түүнээс салаалсан нэгжүүдийг байгуулсан байна. Нэг салбарыг хэд хэдэн сайд өөр өөр асуудлаар хариуцдаг болоод ирэхээр үүсээд байгаа нөхцөл байдал дээр хэн ч хариуцлага хүлээдэггүй тогтолцоо бий болсон байна.
Иймд Ерөнхий сайд Г.Занданшатарт хандан ажлын хариуцлага алдсан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах, хариуцлага тооцох албан бичиг хүргүүлэх тухайгаа ийнхүү мэдэгдэж байна. Шинэ Үндсэн хуулиар Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдахгүйгээр парламентын гишүүдэд зөвхөн шаардах эрх л бий.
Ерөнхий сайд өөрөө ажлын хариуцлага тооцох тухай их ярьдаг. Үр дүн шаарддаг. Тэгвэл хамгийн том ажлын хариуцлага алдсан хоёр сайддаа ямар хариуцлага тооцохыг харья. Хуулийн дагуу Ерөнхий сайд Засгийн газрын сайд нараа эргүүлэн татах бүрэн эрхтэй гэлээ.



Сэтгэгдэл байхгүй байна