• Эхлэл
  • Ахмадууд тэтгэвэр нэмэхийг шаардан жагсана

Ахмадууд тэтгэвэр нэмэхийг шаардан жагсана

2026/01/27

Монголын ахмадын холбоо өнөөдөр /2026.01.27/ ахмадын тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийв.


Тус холбооны ахмадууд “Төр засаг ахмадын тэтгэврийн асуудлыг шийдэхгүй байна. Тийм учраас өнөөдрөөс эхлэн сануулга тэмцлийг эхлүүлж байна. Үнийн өсөлттэй үед ийм хэмжээний тэтгэврээр яаж цагаан сарыг тэмдэглэх юм. Төр засгаас дандаа ‘боломжгүй’ гэсэн хариулт өгдөг. Гэхдээ боломж байгааг бид харж байна. Оюутолгой компани өдөрт 10 тэрбум төгрөг өгдөг гэсэн. Яагаад үүнээс ахмадуудад өгч болдоггүй юм бэ. Австралийн ахмадууд байгалийн баялгаасаа хувь хүртээд гадаад орноор аялж зугаалдаг юм билээ. Харин бид яагаад үүнээс хувь хишиг хүртэж чадахгүй байгаагаа гайхаж байна.

Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн ахмадууд тэтгэврээ нэмэхийг шаардаж байна.

Бид Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Н.Учрал нарт тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн. Улсын хэмжээнд ахмадын тэтгэвэр нэмэхтэй холбоотой жагсаал зохион байгуулна. Бидний тэмцэл 2025 оны тавдугаар сараас хойш үргэлжилж байна” гэлээ.

Монголын ахмадын холбооны гишүүн  н.Батбаяр “Бидний гол зорилго бол тэтгэврийн доод хэмжээг нэг сая 500 мянган төгрөг болгох. Олон сар тэмцэж байна. Төр засаг тоохоо болилоо. Биднийг хүн гэж хайхрахаа больсон мэт санагдаж байна. Бидний шаардлагыг хэзээ хүлээн авч, шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Тэр болтол бид тэмцэнэ. Илүү хурц хэлбэрт шилжинэ. Төр засаг ичихгүй бол бид ч ичихгүй. Шаардлагатай бол олон улсын хүний эрхийн байгууллагад хандана. Ерөнхий сайд Г.Занданшатар гадаадад айлчлахдаа ‘Манай улс баян орон. Манайд очоорой’ гэж хэлж байсан. Тийм баян орон юм бол 500–600 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмадуудынхаа тэтгэврийг нэмчихэд юу нь болохгүй байгааг ойлгохгүй байна. Энэ тэмцэл эхэлснээс хойш 8–9 сар боллоо. Одоог хүртэл ямар ч хариу, шийдэл алга. Ахмадуудын зээлийн хүүг тэглэ. Хэрвээ тэглэхгүй бол өөр аргаар тэмцэнэ. Ахмадуудын зээлээр луйвар хийж байна. 36 сарын хугацаа гэдэг бол банкуудын орлого олох гэсэн арга. Нийт тэтгэврийн 40 хувийг суутгаж байна. Энэ бол арилжааны банкуудыг баяжуулах гэсэн бодлого. Үүнийг өөрчилж, засах хэрэгтэй” гэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна