• Эхлэл
  • ЗУРГАА ДАХЬ ДОЛОО ХОНОГ: Чухал ашигт малтмалын асуудлаарх олон улсын уулзалт боллоо

ЗУРГАА ДАХЬ ДОЛОО ХОНОГ: Чухал ашигт малтмалын асуудлаарх олон улсын уулзалт боллоо

2026/02/07

Өнгөрч буй долоо хоногт АНУ, ОХУ, Украины гурван талын хэлэлцээ Арабын Нэгдсэн Эмирт Улсын нийслэл Абу-Даби хотод үргэлжилж, АНУ, Ираны төлөөлөгчид Оманд уулзсан бол чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний уулзалт Вашингтонд боллоо. Ингээд өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

 

Хятадын нөлөөг сааруулах зорилгоор чухал ашигт малтмалын салбарт эвсэл байгуулна

Хятадын ноёрхол нөлөөг сөрөх зорилгоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын худалдааны эвсэл байгуулахаар төлөвлөж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа танилцууллаа. Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Вашингтонд чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний уулзалтыг лхагва гарагт зохион байгуулж, энэхүү төлөвлөгөөг танилцуулсан байна. Уг уулзалтад 50 гаруй улсын төлөөлөгчид хүрэлцэн ирж, тэдний дотор Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцлоо. 

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс уулзалтын үеэр мэдэгдэхдээ, эдгээр ашигт малтмалын олон улсын зах зээл уналтад орж, ханган нийлүүлэлтийн сүлжээ нь найдваргүй хэвээр байгаа гэлээ. Тэрбээр дэлхийн зах зээлийг илүү өрсөлдөх чадвартай болгохын тулд заавал мөрдөх доод үнийн механизмыг нэвтрүүлэх санал дэвшүүллээ. АНУ-ын засаг захиргаа мөн чухал ашигт малтмалын нөөц бүрдүүлэх 12 тэрбум долларын өртөгтэй төслийг хэрэгжүүлж эхэлснээ мэдэгджээ.  

 

Францын парламент 2026 оны төсвийг баталлаа

Хэдэн сарын турш үргэлжилсэн маргаан, хэт зүүний болон хэт барууны үзэлтэй намууд итгэл үзүүлэхгүй байх санал хураалтаар засгийн газрыг огцруулахыг хэд хэдэн удаа оролдсоны эцэст Францын парламент 2026 оны төсвийг батлав. Ингэснээр Ерөнхий сайд Себастьян Лекорнюгийн хувьд том дэмжлэг болж байна. Энэ оны төсөвт батлан хамгаалахын зардлыг ихээхэн нэмэгдүүлэхээр тусгасан бөгөөд Ерөнхийлөгч Эммануэл Макрон Оросоос учирч болзошгүй аюул заналыг сөрөн зогсохын тулд уг зардлыг нэмэгдүүлэхийг уриалж байсан юм.

 

Клинтоныхон Конгресст мэдүүлэг өгнө

Олон сарын турш татгалзсаны эцэст Билл, Хиллари Клинтон нар Жеффри Эпштейнтэй тогтоосон харилцааныхаа талаар Конгресст мэдүүлэг өгөхийг зөвшөөрч, хоёрдугаар сарын 26, 27-нд холбогдох хороонд мэдүүлэг өгөхөөр боллоо. Конгресс тэднийг шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр хариуцлага тооцно хэмээн анхааруулж байв. АНУ-ын Хууль зүйн яам уг бэлгийн хүчирхийлэгчийн талаарх шинэ материалуудыг нийтэлсний дараа Клинтоныхон шийдвэрээ өөрчилжээ.

 

Лорд Мэндигийн төгсгөл

Их Британид Эпштейний хэрэгтэй холбоотой баримтууд ил болж, Хөдөлмөрийн намын нэр нөлөөтэй улстөрч Питер Манделсон 2007-2009 оны санхүүгийн хямралын үеэр Жеффри Эпштейнд нууцын шинжтэй мэдээлэл дамжуулж байсан нь тогтоогдлоо. Үүний дараа цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж, Манделсон Лордуудын танхимаас огцорсон байна.

Үүний зэрэгцээ Ерөнхий сайд Кир Стармер намынхаа парламент дахь гишүүдийн шахалтад бууж өгч, өнгөрсөн жил лорд Манделсоныг АНУ-д суух Элчин сайдаар томилох шийдвэр гаргахад үндэслэсэн бүх баримт бичгийг олон нийтэд ил болгоно гэж мэдэгдээд, түүнийг албан тушаалаас нь огцруулжээ.

Мьянмар дахь луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авав

Мьянмарт 1.4 тэрбум ам.долларын цахим луйвар, хууль бус мөрийтэй тоглоомын сүлжээ ажиллуулж, эдгээр заллингийн ажиллагаанд оролцож байсан Хятадын 14 иргэнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан 11 хүнийг Хятадад цаазаар авлаа. Тус улс ийм төрлийн гэмт хэргийг таслан зогсоохын тулд Зүүн өмнөд Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна.

 

Орос-Украин-Америкийн хэлэлцээ дуусаж, олзлогдсон цэргүүдийг солилцов

Орос, Украин, АНУ-ын гурван талын шинэ шатны хэлэлцээ энэ сарын 5,6-нд Арабын Нэгдсэн Эмирт Улсын Абу Даби хотноо хоёр өдөр үргэлжилсний эцэст дууслаа. Газар нутгийн статус, гал зогсоох механизм зэрэг гол асуудлаар талууд бодит ахиц гаргаж чадсангүй. Иймд Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэж чадах эсэхэд ажиглагчид эрэлзэж байна. Хэлэлцээ дууссан өдөр Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцож, хоёр талаас тус бүр 157 хүнийг харилцан шилжүүлэн өгснөөр нийт 314 хүн суллагдлаа. 

 

АНУ, Ираны төлөөлөгчид Оманд уулзлаа

АНУ, Ираны төлөөлөгчид Оман улсын зуучлалаар хэлэлцээ хийлээ. Ойрх Дорнодын бүх улс орны анхаарлыг татсан энэхүү уулзалтаар талууд цаашид яриа хэлэлцээг үргэлжлүүлэх эсэхийг шийдэх ёстой байв. Хэлэлцээ шууд бус хэлбэрээр явагдсан бөгөөд уулзалтын дараа Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи мэдэгдэхдээ, Иран, АНУ-ын төлөөлөгчид хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон гэв. Тэрбээр хэлэлцээнд Ираны төлөөлөгчдийг ахлан оролцжээ. 

А.Арагчигийн хэлснээр, хэлэлцээ эерэг уур амьсгалд өрнөсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран буулт хийхгүй тохиолдолд цохилт өгөх төвлөгөөнөөсөө буцахгүй хэвээр байгаа бөгөөд Оманд болсон хэлэлцээ нь бүс нутагт томоохон дайн дэгдэхээс сэргийлэхэд тус дөхөм болох ч эсрэгээрээ өдөөх ч эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байна.

 

Алт мөнгөний үнэ огцом унав

Хоёрдугаар сарын эхэнд үнэт металлын зах зээл дээр алт, мөнгөний үнэ огцом уналаа. Нэг унц нь 5.523.03 ам.доллар болж дээд үзүүлэлтэд хүрч байсан алт одоо 4.880 орчим ам.доллароор арилжаалагдаж байгаа нь 11.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Өмнө нь 118.05 ам.долларт хүрч байсан мөнгөний үнэ 27.9 хувиар унаж, 85.12 ам.долларын түвшинд хэлбэлэж байна. Үнэ ийнхүү буурахад америк долларын ханшийн чангаралт ба Холбооны нөөцийн сангийн бодлогын өөрчлөлт нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж байна. 

 

Ирэх долоо хоногт болох үйл явдлууд:

  • Өвлийн Олимпын XXV  наадам Италийн Милан, Кортине-д’Ампеццо хотуудад үргэлжилнэ. 
  • Японы бүх нийтийн сонгууль хоёрдугаар сарын 8-нд болно.
  • WTA 125 ангиллын тэмцээн хоёрдугаар сарын 9-нд Португалын Оэйраш хотод болно.
  • Мюнхений Аюулгүй байдлын 62-р бага хурал хоёрдугаар сарын 13-нд эхэлнэ.
  • “ET Now Global Business Summit” дэлхийн бизнесийн уулзалт хоёрдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Энэтхэгийн Шинэ Дели хотод болно.

УЛААНБААТАР, 2026 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна