
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. НҮБ-д төлөх ёстой олон тэрбум ам.долларын өрийнхөө эхний хэсгийг АНУ ойрын хэдэн долоо хоногийн дотор шилжүүлэхээр төлөвлөж байгааг тус улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Майк Уолц Ройтерс агентлагт мэдэгджээ. Үүний зэрэгцээ НҮБ шинэчлэлийн үйл явцаа үргэлжлүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Майк Уолц энэ талаар нэгдүгээр сарын 28-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришээс гишүүн улсуудад захидал илгээсний дараа утсаар өгсөн тайлбартаа мэдэгджээ. Уг захидалд Ерөнхий нарийн бичгийн дарга НҮБ-ын санхүүгийн нөхцөл байдал хүнд байгааг анхааруулаад гишүүн орнуудын төлөөгүй татварын улмаас 193 гишүүн улстай тус байгууллага “ойрын хугацаанд санхүүгийн хувьд дампуурах эрсдэлд орсныг” сануулжээ. Төлөгдөөгүй татварыг ихэнх хэсэг нь АНУ-д ногдож байгаа аж.
“Эхний ээлжийн төлбөрийг удахгүй хийнэ. Энэ нь манай жилийн гишүүнчлэлийн төлбөрийн нэлээд том урьдчилсан төлбөр байх болно. Эцсийн дүн одоогоор тодорхой болоогүй байгаа боловч хэдхэн долоо хоногийн дотор шийдэгдэх болов уу” гэж Уолц хэлжээ.
НҮБ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр, НҮБ-ын ердийн төсөвт төлөгдөөгүй нийт өрийн 95 хувиас дээш нь АНУ-д ногдож байна. Энэ дүн энэ сарын эхний байдлаар 2.19 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс гадна, энхийг сахиулах одоогийн болон өмнөх ажиллагаанд 2.4 тэрбум ам.доллар, НҮБ-ын шүүх байгууллагуудад 43.6 сая ам. долларын өртэй байгаа аж.



Сэтгэгдэл байхгүй байна