Улсын Их Хурлын гишүүн Салдангийн Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцсаныг хүргэж байна.

-УИХ-ын чуулган завсарласан байна. Та энэ хугацаанд юу хийж байна вэ?
-Өнөөдөр дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралтай нүүр тулж байгаа бөгөөд энэ нь жирийн нэг мөчлөгийн хямрал бус, урьд өмнө тохиолдож байгаагүй шинжтэй, улс, гүрнүүдийн хоорондын сөргөлдөөн, улс төрийн шийдвэрүүдээс үүдэлтэй гүн гүнзгий хямрал болох төлөв ажиглагдаж байна.
Ийм нөхцөл байдал олон улсын эдийн засагт хүчтэй доргилт өгч, олон орны эдийн засгийг сүйрлийн ирмэгт хүргэхээр харагдаж байна. Ялангуяа хоёр хөршөөс хамааралтай Монгол Улсын хувьд импортын бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөх, улмаар хомсдол үүсэх бодит аюул нүүрлэж, энэхүү хямралд гүнзгий өртөх эрсдэлтэй байгаа тул эдийн засагчдын хувьд сэтгэл амар суух биш, судалгаа шинжилгээ хийж, хямралын гүнзгийрэлтээс урьдчилан сэргийлэх, доргилтыг зөөлрүүлэх гарцыг хайх нь чухал болж байна. Тийм учраас УИХ-ын чуулган завсарласнаас хойш би УИХ-ын гишүүн, эдийн засагч мэргэжилтэй хүний хувьд 2026 он Монгол Улсад ямар он жил болох вэ гэдгийг судалж, дүн шинжилгээ хийж байна.
Эрх барьж буй нам олон жилийн турш эдийн засгийн суурь реформуудыг хэрэгжүүлж чадаагүйн үр дагаврыг бид бүгд саяхан гарсан эрчим хүчний доголдлоор тодорхой мэдэрлээ. Тиймээс дэлхийн болон бүс нутгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг тасралтгүй судалж, дүн шинжилгээ хийж байна. Нэг үгээр хэлбэл, өнөөгийн тооцоо, хандлагаас харахад, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал 2026 онд туйлын хүнд байх эрсдэлтэй харагдаж байна.
-Өнгөрсөн намрын чуулганаар та ямар хуулийн төслүүд дээр голлон ажиллав. Одоо чуулганы завсарлагаанаар мөн хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа байх, тийм үү?
-Миний хувьд хоёр чухал хуулийг онцолж хэлмээр байна.
Нэгдүгээрт, өөрийн биечлэн санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Хоёрдугаарт, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрх зүйн байдлыг өөрчлөх асуудал юм.
-ХЭҮК-ын тухай хуульд өөрчлөлт оруулахын ач холбогдол юу вэ?
-Хүний эрхийн асуудал дээр системтэй, бодит өөрчлөлт хийх боломж энэ хуулиар нээгдэнэ. Өмнө нь би шүүхийн шийдвэргүйгээр баривчилдаг явдлыг таслан зогсоох асуудлыг УИХ-аар шийдүүлж чадсан. Ингэснээр шууд баривчилгаа гэдэг ойлголт бараг бүрэн зогссон. Өмнө нь 90 гаруй хувьтай яригддаг байсан энэ асуудал одоо үндсэндээ байхгүй болсон гэж хэлж болно. Мөн хугацаагүй цагдан хорих, өөрөөр хэлбэл иргэдийг тодорхойгүй хугацаагаар хорьдог байсан асуудлыг хуульчилж, тодорхой болгосон. Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм ч бодитоор хэрэгжиж эхэлсэн, холбогдох тайлангууд ч гарсан.
-Тэгвэл таны санаачилж буй шинэ өөрчлөлтийн гол агуулга нь юу байх вэ?
-Миний өргөн барихаар бэлтгэж буй өөр нэг чухал зохицуулалт бол цэргийн анги, байгууллагуудад эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг хэрэгжүүлэх тухай юм. Өөрөөр хэлбэл хэрэг гарсны дараа арга хэмжээ авдаг биш, урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх зорилготой. Засгийн газрын санал ирмэгц хаврын чуулганд өргөн барихад бэлэн болгож байна. Ер нь надад хаврын чуулганд өргөн барихаар бэлтгэж байгаа хуулийн төслүүд цөөнгүй бий. Түүнээс нэн яаралтай шийдэх ёстой асуудлын нэг бол Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын харьяаллын асуудал. Тус байгууллага Эрүүл мэндийн яаманд харьяалагдсанаас хойш санхүүгийн хувьд хүндрэлд орж, төсвийн цоорхой нөхөх хэрэгсэл шиг болж байна. Тиймээс ЭМДЕГ-ыг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнээс гаргах, төрийн захиргааны байгууллагын тогтолцооны ерөнхий бүдүүвчид өөрчлөлт оруулах тогтоолын төслийг боловсруулж Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн. Энэ төслөө хаврын чуулганд өргөн барина.
-Хаврын чуулган дөхөж байна. Ер нь энэ хаврын чуулганы хамгийн том, анхаарал татах асуудал юу байх вэ?
-Яах аргагүй Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх асуудал. Энэ бол маш нухацтай, олон талаас нь судалж байж шийдэх асуудал. Хар тамхины асуудал нь зөвхөн Эрүүгийн бодлогын хүрээнд хязгаарлагдахгүй бөгөөд донтолтын анагаах ухаан, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, нийгмийн бодлого болон иргэдийг зөв, бодит мэдлэг мэдээллээр хангах цогц арга хэмжээг шаардсан нийгмийн чухал асуудал юм. Энэ чиглэлээр мэргэжлийн судалгаа, сурах бичгүүдийг ч судалж байна. Миний хувьд Гэр бүлийн тухай хууль, мөн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Гэр бүлийн тухай хууль бол олон парламент дамжин яригдсан ч одоо хүртэл батлагдаагүй, маш чухал хууль. Би Монгол Улсыг нэг байшинтай зүйрлэж хардаг. Тэр байшингийн суурь бол монгол хүн өөрөө. Хэрвээ бид хүүхдийг багаас нь, гэр бүл, сургуульд нь зөв хүмүүжүүлж чадвал нийгмийн маш олон асуудал угтаа үүсэхгүй. Байшингийн дараагийн хэсэг нь тоосго. Тэр тоосго бүрийг нэг нэг гэр бүл гэж ойлгож болно. Харамсалтай нь өнөөдөр гэр бүл салалт олширч, тэр “тоосгууд” бутарч байна. Тоосго нь бат бөх биш байхад байшин бат бөх байх боломжгүй. Тиймээс Монгол Улсын оршин тогтнохын суурь болсон гэр бүл эрүүл, тогтвортой байх ёстой. Энэ хуулиуд дээр алдаа гаргах эрх бидэнд байхгүй.
-Гэр бүлийн хэрэг, тэр дундаа хүүхэд холбогдсон маргааныг шүүхээр шийдэхэд өнөөдөр ямар хүндрэл тулгарч байгаа гэж та харж байна?
-Яг одоогийн байдлаар насанд хүрээгүй, өсвөр насны хүүхдийг шүүхийн ажиллагаанд оролцуулахдаа онцгой хамгаалалт бараг байхгүй. Манайд хүүхдийг шууд шүүхэд дуудаад, насанд хүрсэн хүнтэй адил орчинд байлгачихдаг. Энэ нь хүүхдэд асар их стресс үүсгэдэг. Насанд хүрээгүй хүүхдэд тусгай, өөр хандлага зайлшгүй хэрэгтэй. Шүүхийн үйл явц хүүхдэд ээлтэй байх ёстой. Тиймээс бид цахим хэлбэрийг нэвтрүүлэх, заавал танхимд ирүүлэхгүйгээр оролцуулах боломжийг хуульд тусгаж өгч байна. Гэхдээ энд нэг чухал зүйл бий. Цахимаар оролцуулна гээд хүүхдийг гэрт нь, эсвэл хяналтгүй орчинд байлгахгүй. Шүүхийн албан ёсны байранд, нөлөөлөлд өртөхгүй, хамгаалагдсан орчинд цахимаар оролцуулах зохицуулалт яригдаж байгаа. Нөгөөтэйгүүр хөдөө орон нутагт бол иргэд аймаг дамжин шүүхэд очих шаардлага гардаг. Тухайлбал, Говь-Алтайн хүн Ховдод очих, эсвэл холын тойргийн шүүх рүү явах нь цаг, мөнгө, сэтгэл зүйн хувьд маш хэцүү. Тиймээс тойргийн шүүхийн зохион байгуулалт, цахим оролцоог зөв хослуулах нь чухал.
-Та Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт ажиллаж байгаа. Энэ хүрээнд ямар байр суурьтай байна вэ?
-Би Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт Ардчилсан намын бүлгийг төлөөлж ажиллаж байгаа. Сонгуулийн тухай хуульд хамгийн том, шийдэх ёстой асуудал бол мөнгө тараалт, өөрөөр хэлбэл санал худалдаж авах явдал. Миний хувьд өмнө нь ч хэд хэдэн удаа энэ чиглэлээр хуулийн төсөл санаачилж байсан. Гэхдээ бодит байдал дээр нэг хүн, нэг бүлэг хичээгээд шийдчих асуудал биш байдаг. Сонгуулийн өмнө “мөнгө тараахгүй байя” гэж ярьдаг ч яг цаг нь тулахаар дэмжиж саналаа өгдөг гишүүд цөөхөн байдаг. Бид сонгуулийг жинхэнэ утгаар нь ардчилсан, шударга болгоё гэвэл санал худалдан авалтыг л бүрмөсөн зогсоох ёстой. Мөнгөөр шийдэгддэг сонгуулиас бид салахгүй бол улс төр ч, төрийн бодлого ч эрүүл болохгүй.
-Ардчилсан намын зүгээс Засгийн газрын зарим сайд нарт хариуцлага тооцох асуудлыг ярьж байна. Ер нь хариуцлагын асуудалд энэ Засгийн газар хэрхэн хандаж байх шиг байна вэ?
-Засгийн газар хурдтай, ажлаа хийж чадахгүй байгаа сайд нарт бодитойгоор хариуцлага тооцох ёстой гэж би үздэг. Эцсийн дүндээ хамгийн чухал нь үр дүн. Хэрэв сайд хариуцсан салбартаа бодит ахиц гаргаж чадахгүй, бодлого нь ажил хэрэг болж чадахгүй байгаа бол хариуцлага хүлээлгэх нь зайлшгүй. Би өөрөө Засгийн газрын гишүүнээр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. Сайд хүн заавал тухайн салбарын нарийн мэргэжилтэй байх албагүй. Харин сайн менежер, зөв баг бүрдүүлж чаддаг, мэргэжлийн боловсон хүчнүүддээ итгэл хүлээлгэж ажилладаг, төрийн болон олон улсын түвшинд улсаа төлөөлөн оновчтой яриа хэлэлцээ хийж чаддаг байх нь илүү чухал.
-Ардчилсан нам энэ сарын эхнээс аян эхлүүлсэн. Гишүүдийн шинэчилсэн бүртгэл эхэлсэн. Намын энэхүү өөрчлөлт, шинэ бодлогод та хувьдаа ямар байр суурьтай байгаа вэ?
-Ардчилсан намын зүгээс эхлүүлсэн энэхүү аян эрч хүчтэй, ялангуяа залуусын итгэл үнэмшил, оролцоонд тулгуурлан эхэлж байгаад намын гишүүний хувьд баяртай байна. Намын даргын “Шударга, ил тод намын дарга байхыг хүсч байна” гэсэн байр суурь нь надад маш эерэг сэтгэгдэл төрүүлсэн. Энэ бол нам дотооддоо цэгцрэх, олон нийтийн итгэлийг сэргээхэд чухал дохио гэж харж байна.
Манай нам цаашид түр зуурын уриа лоозон бус тогтвортой бодлого, цогц системтэй, институцийн зарчмаар ажилладаг улс төрийн нам болон төлөвших ёстой. Ил тод байдал, хариуцлага, дотоод ардчиллыг бодитоор хэрэгжүүлж чадвал намын шинэчлэл бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна.
Энэ утгаараа өндөр боловсролтой, шинэ үеийн, нийгмийн асуудалд хариуцлагатай ханддаг олон залуус Ардчилсан намд нэгдэж, үзэл санаа, бодлогын түвшинд идэвхтэй оролцохыг уриалж байна. Намын ирээдүй залуусын оролцоо, үнэт зүйл дээр л тогтоно гэж бодож байна.
-Танд нэмж хэлэх зүйл байна уу?
-Төгсгөлд нь хэлэхэд, ярианыхаа эхэнд дурдсанчлан 2026 он зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд эдийн засаг, нийгмийн хувьд сорилт ихтэй, хүнд жил байх төлөвтэй байна. Ийм нөхцөлд Монгол Улсын Засгийн газар цаг алдалгүй, хурдтай бөгөөд оновчтой шийдвэрүүдийг гарган ажиллах шаардлагатай байна. Ард түмний амьдрал туйлын хүнд байдалд байна шүү дээ.
Харин Ардчилсан намын тухайд сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж, төр засгийн зүгээс ард иргэдийн амьжиргаа, улс орны эдийн засгийг эрсдэлд оруулах аливаа бодлого, шийдвэр гаргуулахгүй байхад хатуу хяналт тавьж, шаардлага тавин хариуцлагатай ажиллана.
ЭХ СУРВАЛЖ ӨДРИЙН СОНИН
Э.Мөнхтүвшин


Сэтгэгдэл байхгүй байна