
Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр /2026.02.26/ сар шинийн баярыг тохиолдуулан хурдан морины уралдаан зохион байгуулсан аймаг, сумдын засаг дарга нарт хариуцлага тооцох шаардлага хүргүүлсэн талаар мэдээлэл хийлээ.
ХЭҮК-ийн Гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн дарга Б.Ууганбаяр;
-Сар шинийн баяраас өмнө буюу хоёрдугаар сараас эхлэн хөдөө орон нутагт хурдан морины үсэргээ, сунгаа, уралдаан зохион байгуулагдаж эхэлсэн. Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын нэгнээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан болон үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон байдаг. Тус тогтоолд 2025 оны нэгдүгээр сард өөрчлөлт оруулж, өвөл, хаврын хурдан морины уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдийг оролцуулахыг хориглосон. Өөрөөр хэлбэл өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулж болох ч хүүхдийг оролцуулахгүй байх шийдвэр гаргасан. Гэвч энэ шийдвэр хэрэгжихгүй байгаа нь асуудал дагуулж байна. Үүний улмаас хүүхэд бэртэж гэмтэх, цаашлаад амь насаа алдах хүртэл ноцтой үр дагавар гарсаар байна. Манай байгууллага хүүхдийн эрхийг хамгаалах үндсэн үүрэгтэй. Иймд өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх тал дээр анхаарч ажилладаг. Амьдралын чанар, ахуйн осол, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг шалтгаанаар олон хүүхэд амь насаа алдаж байгаа энэ үед дахин эрсдэлтэй нөхцөл байдал руу түлхэх ёсгүй. Хурдан морь нь манай улсын үндэсний өв, ондоошил мөн. Гэвч энэ өв соёлыг хадгална гээд хүүхдийн амь насаар дэнчин тавьж болохгүй. Үүнийг авч үлдэх олон арга бий.
Засгийн газраас хурдан морины уралдаан, үсэргээ зэрэг үйл ажиллагааг тодорхойлон, хуульчлах шаардлагатай байна.
Бид эрх зүйт төрийн дор амьдарч байгаа учраас хууль, тогтоолын хэрэгжилтийг хангах нь зүйтэй. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй зургаан аймгийн Засаг дарга нарт хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ийм шаардлага хүргүүлж байсан ч хариуцлага тооцож, огцруулсан засаг дарга одоогоор байхгүй байна. Төв аймгийн Сэргэлэн сум, Увс аймгийн Наранбулаг, Тариалан, Өлгий, Өндөрхангай, Улаангом сум, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум, Сүбаатар айгийн Онгон сум, Төв аймгийн Баян сум, Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Дорнод аймгийн Баянтүмэн сумын засаг дарга нарт шаардлага хүргүүлсэн. Эдгээр суманд хориглосон хугацаанд хурдан морины үсэргээ, сунгаа зохион байгуулсан байна. Хэрэв өвлийн улиралд морьтой холбоотой аливаа үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулахыг бүрэн хориглосон тогтоол гаргавал эргэлзээтэй нөхцөл байдал үүсэхгүй. Одоогийн нөхцөлд хүүхдийн сурч боловсрох эрх, амьд явах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зэрэг олон эрх зөрчигдөж байна.
Сар шинийн баярын өмнө Хөвсгөл аймгийн Галт сум хурдан морины ажил хийж байх үед унаач хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Энэ асуудлаар манай байгууллага болон холбогдох хууль, хяналтын байгууллагууд шалгалтын ажиллагаа явуулж байна гэлээ.


Сэтгэгдэл байхгүй байна