• Эхлэл
  • Дубайгаас тусгай үүргийн нислэгээр 243 иргэнийг авчирна

Дубайгаас тусгай үүргийн нислэгээр 243 иргэнийг авчирна

2026/03/10

Ойрхи Дорнодын бүс нутагт "гацаад" байгаа Монгол Улсын иргэдийг тусгай үүргийн нислэгээр авч ирэхээр өнөөдөр /2026.03.10/ 07:40 цагт МИАТ компанийн хөлөг Хөшигийн хөндийгээс хөөрлөө.

Иран улсад Израйль, АНУ хамтран цэргийн ажиллагаа явуулснаар Ойрхи Дорнодын бүс нутагт агаарын орон зай хаагдах, олон улсын нислэгүүд хязгаарлагдаад байгаа юм.  Тиймээс Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ойрхи Дорнодын бүс нутгаас Монгол Улсын иргэдийг татан авах тусгай үүргийн нислэгийг өнөөдөр хийлээ.  Тодруулбал, Улаанбаатар–Дубай–Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ.

МИАТ компанийн мэдээлснээр, нислэгийн бэлтгэл бүрэн хангагдсан бөгөөд Boeing 767 загварын 252 суудалтай онгоц ашиглах аж. Нисэх багийн бүрэлдэхүүнд 20 хүн ажиллах ба зорчигчдын суудлын зохион байгуулалтаас шалтгаалан нэг удаагийн нислэгээр 243 хүртэл иргэнийг эх оронд нь авчрах боломжтой. Онгоц Улаанбаатараас гуравдугаар сарын 10-ны 07:40 цагт хөөрч, Дубайн Al Maktoum International Airport (DWC) олон улсын нисэх буудалд газардсаны дараа Монгол Улсын иргэдийг авч Улаанбаатар руу буцах аж.

Дубай хотын нисэх буудалд онцгой протокол хэрэгжүүлж эхэлсэн нь бүс нутгийн пуужин, дроны идэвхжил нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд зорчигчдын аюулгүй байдлыг хангах, агаарын коридорыг хэвийн ажиллуулах зорилготой гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ. Тус үйл ажиллагааг United Arab Emirates Air Force болон иргэний нисэхийн байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.

Одоогоор Ойрхи Дорнодын бүс нутагт Монгол Улсын 469 иргэн байгаагаас 321 нь тухайн орнуудад байнга оршин сууж, 148 нь түр хугацаагаар зорчиж буй иргэд аж. Түр зорчиж буй бүх 148 иргэн буцах хүсэлтээ гаргасан бол байнга оршин суудаг иргэдээс 20 хүн мөн эх орондоо буцах хүсэлт илэрхийлжээ.

Онцгой үүргийн нислэгийг Засгийн газрын шийдвэрээр дайн, байгалийн гамшиг, цар тахал зэрэг нөхцөлд гадаадад гацсан иргэдийг богино хугацаанд эх оронд нь татан авах, хүмүүнлэгийн болон дипломат үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна