• Эхлэл
  • Олимпын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно

Олимпын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно

2026/03/10

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор олимпын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг манай улсад анх удаа зохион байгуулах гэж байна.

Тодруулбал, насанд хүрэгчдийн XXVII тэмцээн Улаанбаатар хотын "М Банк Арена"-д тавдугаар сарын 19-25-нд болно. Тэмцээнд 45 орны шилдэг тамирчид, дасгалжуулагчид болон албаны төлөөлөгчид оролцож, пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр хүч сорих юм. Энэхүү тэмцээнээс медаль авсан болон шагналт байрт шалгарсан тамирчид есдүгээр сарын 19-нд Японы Аичи муж, Нагоя хотод болох Азийн зуны XX наадмын эрхээ халааслах юм. 

Тэмцээний Монголын таеквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар “Манай холбоо маш хариуцлагатай тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн тэмцээний гол онцлог нь ес дэх удаагийн Пүмсэ, 27 дахь удаагийн тулааны, 11 дэх пара таеквондогийн төрлөөр тивийн аваргыг тодруулах юм.  Урьдчилсан байдлаар 45 орны 1100 орчим тамирчин, албаны хүмүүс оролцохоор төлөвлөж байна. Түүнчлэн анх удаа жин бүрийн эхний долоон байрт шалгарсан тамирчид есдүгээр сард Японд болох Азийн наадмын эрх авна. Тиймээс тивийн шилдгүүд Улаанбаатарт ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Эх орондоо болох тэмцээнд  амжилттай оролцохын тулд манай тамирчид өнгөрсөн нэгдүгээр сараас хойш цугларалтад гарсан” хэмээн ярилаа.

Хоёр жилд нэг удаа болдог ААШТ нь тивдээ олимпын хамгийн өндөр чансааны оноо олгодог гэдгээрээ онцлогтой юм. Тэмцээний үеэр Олон улсын таеквондогийн холбооны ерөнхийлөгч Чое Чунвон манай улсад ирэх бол “Авьяаслаг америкчууд” шоуны “Алтан баззер”-ийн эзэд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, таеквондогийн урлаг, хүч чадлын гайхамшгийг толилуулах ажээ.

Дашрамд дурдахад, манай тамирчид насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 23 медаль хүртэж байв. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна