• Эхлэл
  • “Парламентын боловсрол” хөтөлбөр шинэ хуудсаа нээлээ

“Парламентын боловсрол” хөтөлбөр шинэ хуудсаа нээлээ

2026/03/11

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.

“Хэт улстөржиж байна”, “Сэдэв бүхнийг улстөржүүллээ” гэх шүүмжлэл олонтаа сонсогддог. Гэвч бид улстөржих бүрэн эрхтэй. Харин үүнийгээ системтэй, боловсролтойгоор хэрэгжүүлж улс орны ээдрээтэй, адармаатай, шүүмжлэлтэй үйл амьдралд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэн оролцох учиртай. Өөрөөр хэлбэл, улс төрийн үйл явдалд “тэр оролцоно”, “энэ оролцож болохгүй” гэсэн зааггүйгээр иргэн та санал шүүмжлэл, үзэл бодлоо илэрхийлж, сайн цагийг хамтдаа бүтээх алхмыг гарцаагүй хийдэг. Үүний тулд  ардчилал, хүний эрхийг дээдэлдэг, парламентат ёс өндөр хөгжсөн орнуудад “Парламентын боловсрол” олгож, иргэдээ парламентын үйл ажиллагаанд мэдлэгтэйгээр оролцуулах боломжийг бүрдүүлдэг юм.

Манай улсад “Парламентын боловсрол” хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлэхээр тухайн үеийн стратеги төлөвлөгөөнд тусгаж байснаар гараагаа эхэлж 2022 оноос эхлэн анхны 102 сургагч багшийг бэлтгэн, олон улсын түвшинд хэрэгжиж буй жишгийн дагуу  “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сэдэв, агуулга, хичээлийн арга зүйг хүүхэд багачууд болон залуучуудад нас, сэтгэхүйн онцлогт тохируулан гарын авлагатай болгосноор гараагаа эхэлж байв.

Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатарын үед гараанаас гарч, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор профессор Л.Өлзийсайханы оюуны бүтээлийн дүнд мэндэлсэн хөтөлбөр, гарын авлагууд, өргөн цар хүрээтэй, хүртээмжтэй зохион байгуулалтын дүнд өнөөдрийг хүртэл чимээгүйхэн урагшилсаар чамлахааргүй амжилтад хүрчээ. 

Тухайн үед ардчилсан парламенттай улс оронд заавал хэрэгжүүлэх эрхэм зорилго болгон тодорхойлж, тунхагласан УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар, тэрхүү бодлогыг “амилуулж” бодит ажил болгосон УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор профессор Л.Өлзийсайхан өнөөдөр УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байна.

“Парламентын боловсрол” хөтөлбөр өнөөдөр шинэ шатанд ирлээ. Цаг үе, нөхцөл байдлын хувьд Парламентыг бэхжүүлэх, “ардчиллын зүрх” хэмээн хайрлах мэдрэмж олон нийт, сонгогчдын дунд улам хүчтэй болж, тэр хэрээрээ маш эмзэг, эрхэм хүндтэйг нь үнэлж дүгнэж буйг бид харж байна.

Яг ийм эгзэгтэй үед Улсын Их Хурал, Тамгын газраас хэрэгжүүлж буй “Нээлттэй парламент” арга хэмжээний “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш нар болон оролцогчдын уулзалт, хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Уулзалт, хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Н.Учрал оролцож, “Парламентын шинэтгэл: Парламентын боловсрол, үнэт зүйлийг түгээх нь” сэдвээр илтгэл тавьсан юм.

Үүнд, парламентын шинэчлэл уламжлалдаа суурилан, орчин үеийн шинэ ололтуудаар бататган урагшилж, тасралтгүй хийгдэж байдгийг онцолж, 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлтээр Улсын Их Хурлын “ард түмнийг төлөөлөх” уугуул мөн чанарыг тодотгосон шинэчлэлийг онцолж оролцогчидтой санал солилцлоо.

Олон намын болон нийгмийн бүлгүүдийн тэнцвэртэй төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентын үйл ажиллагаанд сайжруулах шаардлагатай асуудлууд ч байгааг Улсын Их Хурлын дарга тодорхой дурдаж, төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоомж хэлэлцэн батлахдаа иргэдээ бодитой оролцуулдаг, хамтарч ажилладаг, жинхэнэ иргэндээ ойрхон, ардчилсан парламент байх бодлого, зарчмыг баримтална гэдгээ хэлсэн юм.  

Илтгэлд онцолсончлон, орчин үед парламентуудын хууль тогтоох, хянан шалгах, төлөөлөх үндсэн, уламжлалт үүргүүд дээр парламентат ёсны соёл, боловсрол, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх бас нэг чиг үүрэг нэмэгдсэн билээ.

Энэ нь Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Парламентын боловсрол, үнэт зүйлийг түгээх” гэсэн заалтыг тусгасан явдал. Үүнд “40.1.Тамгын газар парламентын боловсрол, парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр мэдээлэл бэлтгэх, сургалт зохион байгуулах ажлыг эрхэлнэ.
40.2.Тамгын газрын бүтцэд Монгол Улс дахь парламентат ёсны үүсэл, хөгжлийг судлах, парламентын ардчиллын үнэт зүйлийг олон нийтэд таниулах чиг үүрэг бүхий Парламентын музей ажиллана”
 гэсэн заалтуудыг тус тус хуульчилсан учраас эдүгээ хэрэгжүүлж эхлээд байна.

 

Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Тамгын газраас энэ онд авч хэрэгжүүлэх “Нээлттэй парламент” арга хэмжээний төлөвлөгөөг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Онолт танилцуулсан бөгөөд уг хөтөлбөрийг анх хэрэгжүүлсэн мөчөөс эхлэн өнөөг хүртэл хамтран ажиллаж, багш, суралцагчдын сургалт, хөтөлбөр, гарын авлага боловсруулах зэрэг олон ажлыг гүйцэтгэж буй Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал нар уг хөтөлбөрийн голлох агуулга, сургалтын идэвхтэй аргуудын талаар ярьсан нь уулзалт, хэлэлцүүлгийг үр дүнтэй, сонирхолтой болгож байв. 

Мөн олзуурхууштай нь “Парламентын боловсрол” хөтөлбөрийн анхны сургагч багш нарын нэг, Нийслэлийн ерөнхий боловсролын 148 дугаар сургуулийн багш Г.Баярмаа өнгөрсөн хугацаанд ямар үр өгөөжтэй ажилласан талаар болон сургууль дээрээ ажиллуулж буй “Парламентын боловсрол” клубийн үйл ажиллагааныхаа тухай ярилаа. 

Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгийн хамгийн ”хөөрхөн” агшин нь “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн оролцогч хүүхдүүдийн хэлсэн ажил хэрэгч санал санаачилга, асуудал дэвшүүлсэн хэрсүү, хэвлүүхэн яриануудыг сонсох явдал байв. Тухайлбал  “Өсвөрийн парламент 2025” хөтөлбөрийн оролцогч, Нийслэлийн ерөнхий боловсролын 120 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С.Төгөлдөр хүүхэд хүүхдэдээ мэдээлэл дамжуулах буюу үе тэнгийнхний нөлөөлөл илүү хүртээмжтэй, үр дүнтэй байдгийг онцолсон.  Мөн хөтөлбөрийн оролцогч, Сонгинохайрхан дүүргийн Хөгжил сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Нандин-Эрдэнэ парламентын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд цахим сургалтын аргыг өргөнөөр ашиглах нь оновчтой гэсэн саналыг хэллээ.  


Парламент дахь иргэдийн оролцоо, дуу хоолой өргөн хүрээтэй, хяналт шаардлага нь зөв бодитой байж чадвал ардчиллыг амьд, хөдөлгөөнтэй байлгах гол хүчин зүйл болдог. Иргэд бүх л асуудлаар гишүүддээ ханддаг. Сургуульд хүүхдээ оруулах, сумын захиргааны дээврийг засуулах гэх мэт гуйлт хүсэлт их ирдэг. Угтаа эдгээр нь хууль тогтоох байгууллагад хаяглах асуудал биш юм гэдгийг “Өсвөрийн парламент” клубын хүүхдүүд ойлгож, сонгуульд санал өгөхийн өмнө энэ талаар улам их мэдлэг хуримтлуулж зөв иргэн болж, улс орныхоо хөгжил дэвшилд идэвхтэй иргэн байх болно гэдгээ илэрхийлж байв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Н.Учрал 126 гишүүнтэй анхны парламентыг удирдаж байгаагийн хувьд “Парламентын боловсрол” хөтөлбөрийг цаашид тасралтгүй үргэлжлүүлэх, “Залуучуудын боловсрол” хөтөлбөрт залуус идэвхтэй оролцож, Залуучуудын хөгжлийн тухай хуулийг бодит үр дүнд хүргэж хэрэгжүүлснээр ямар боломжууд гарч болохыг чухалчлан санал бодлоо илэрхийлсэн юм.

Парламент, иргэн гэдэг нэгнээ эгц дээрээс, эсвэл ижил тэнцвэргүй өнцгөөс харсан эсрэг тэсрэг зүйлс биш, харин ч нэг нь нөгөөгөөсөө хамааралтай, байнгын амьд, тэгш холбоотой байх харилцаа гэдгийг ардчиллын үнэт зүйлс бидэнд байнга сануулдаг.
Парламентын боловсрол эзэмшсэн иргэн л төр засаг, орон нутгийн засаг захиргаа, улс төрийн намын ажиллагааг илүү сайжруулахад бодит нөлөөлөл үзүүлж чадна. Энэ үнэт зүйлийг олж авахад “Парламентын боловсрол” хөтөлбөр ихээхэн үр дүн авчрах болно гэдгийг бид тун удахгүй харах болно.

                                                                                                                                                     2026.03.11.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна