
УИХ-ын дарга намаасаа татгалздаг байх заалт бүхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын ТББХ дэмжсэн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Х.Тэмүүжин өнөөдөр /2026.04.03/ мэдээлэл хийв.
Тэрбээр “Төрийн байгуулалтын байнгын хороогоор 2025 оны арваннэгдүгээр сарын 20-нд өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж, ТББХ дэмжлээ. Энэ хуулийн төсөл нэг хүнд зориулагдаагүй. УИХ-ын анхдугаар чуулган 2024 оны долдугаар сард хуралдсан. Чуулганы хуралдааны эхний өдөр УИХ-ын даргыг сонгох хэлэлцүүлэг хийх ёстой байтал хэлэлцүүлэг хийхгүйгээр УИХ-ын даргыг сонгоно гэсэн хуулийн заалтыг гэнэт гаргасан. МАН УИХ-ын гишүүдэд кноп дарахыг үүрэгдсэн. Би тэсэхээ байгаад ‘УИХ-ын даргыг сонгох тогтоолын эцсийн найруулга дээр саналтай хүн байна уу’ гэхэд нь үг хэлж байсан. ‘Энэ ямар сонин дэг зохиочихсон юм бэ? УИХ-ын дарга гэдэг парламентын туршлагатай байх ёстой байтал парламентэд огт ажиллаж үзээгүй хүнийг зүгээр кноп дараад сонго гэдэг нь ямар учиртай юм бэ. Нэг намын хурал болж байгаа юм шиг байна. Энэ дэгийг өөрчлөх ёстой юм байна’ гэсэн анхны санаа гарсан.
Сонгууль болохоос нэг сарын өмнө, 2024 оны тавдугаар сард ийм хууль баталсан. Дараа нь Л.Амарбаясгалан УИХ-ын дарга байхдаа намын дарга болно гэхэд Ардчилсан намын зүгээс УИХ-ын даргын суудлыг дараагийн шат болгон ашигладаг ийм буруу үзэгдэл байж болохгүй гэж үзсэн. Хэрэв намын дарга болох гэж байгаа бол УИХ-ын даргын ажлаа өгөх ёстой. Бид ийм сонирхлын зөрчилтэй хүнээр УИХ-ын дарга хийлгэхгүй гэсэн шаардлага тавьж байсан.
Энэ шаардлага зөв байсныг энэ хаврын чуулганаас харсан байх. Бид намын дотоод сонгуулиас болоод хоёрхон жилийн дотор хоёр УИХ-ын дарга сольсон. Энэ бол УИХ тогтворгүй байгаагийн том үзүүлэлт. Ардчилсан улс оронд, тэр дундаа парламентын бүгд найрамдах улсад парламент гэдэг уул шиг тулгуур, ноён нуруу болж зогсох ёстой. Тиймээс УИХ-ын даргыг намаас түдгэлзүүлж, намын дотоод асуудлаас ангид байлгахгүй бол дараагийн дарга нар ийм байдлаар огцорсоор байна. Бид энэ хуулийг 2025 оны арваннэгдүгээр сард өргөн барьсан. Харамсалтай нь таван сарын дараа арай гэж хэлэлцэж байна. Энэ хэлэлцэж байгаа үйл явцын үед намын дотоод зөрчил одоо ч үргэлжилж байна. МАН-ын зөрчил дуусаагүй учраас УИХ-ын даргаа томилж чадахгүй байна. Энэ нь Ардчилсан намаас шалтгаалаагүй. Ардчилсан нам чуулганд орж, бид завсарлага авах гэж байтал алх цохиж чуулган завсарласан.
Энэ хуулийн ач холбогдлыг одоо л ойлгож байгаа байх. Намын дарга солигдох, Засгийн газар огцрох, Ерөнхий сайд өөрчлөгдөх зэрэг нь ардчилсан оронд байдаг л зүйл. Гэтэл намын дотоод асуудлаас болж парламент даргагүй болно гэдэг нь ардчилсан улсын парламентын дархлаа сул байгаагийн шинж.
Өргөн барьсан хууль маш тодорхой, парламентын дархлааг сайжруулах зорилготой. Та бүхэн болсон үйл явдлыг харж байгаа байх. Ерөнхий сайдын бэр ‘цүнхний асуудал’-д холбогдоход Ардчилсан нам буруутгагдаж, Засгийн газар огцордог. УИХ-ын дарга намын дарга хийж болохгүй гэхэд Ерөнхий сайд буруудаж, Засгийн газар огцордог. Бид ийм шаардлага тавиагүй. Энэ бол МАН-ын дотоод зөрчил. Ардчилсан нам зарчмын санал тавихад гарч байгаа тойруу үр дагавар. УИХ-ын дарга намын дотоод сунгаанаас болж огцордог байдлыг зогсоох шаардлага тавьсан. Энэ шаардлагын хариуд Засгийн газар огцордог байдал ажиглагдаж байна. Гэхдээ Засгийн газар хэний саналаар огцорч байгааг бүгд харж байгаа. Олонхын саналаар огцорч байгаа. Цаашид ч огцрох магадлалтай. Цаашид Засгийн газар огцрох бүрд УИХ-ын дарга бууж, парламент хямардаг байдлыг зогсоох ёстой. Ийм зорилготой хууль өргөн барьсан” гэлээ.


Сэтгэгдэл байхгүй байна