
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилж, өнгөрсөн сарын 9-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр эхлэв.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал дуусаагүй. Тиймээс чуулганы өнөөдрийн хуралдаанд гишүүдийн ирц хангалтгүй байх шиг байна. Мөн УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудлаар биечлэн санал өгөх боломжийг олгох нь зүйтэй хэмээн үзэж, нэг хоногийн завсарлага хүсэж байна” гэлээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт уг асуудлаар тус бүлэгт нэг хоногийн завсарлага өгч байгаагаа мэдэгдсэнээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай тус хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн санал хураалтыг чуулганы ирэх пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов. Хуулийн төсөлд,
-Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
-Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
-Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгаад буй. Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгасан юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж” хэмээн нэмж тусгажээ.


Сэтгэгдэл байхгүй байна