
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос цахим шилжилт, хиймэл оюунд суурилсан үйлчилгээ, аппликейшн, цахим бүртгэлийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хүний эрхтэй холбоотой зөрчил гарч буй талаар өнөөдөр /2026.04.16/ мэдээлэл өглөө. Тодруулбал, ХЭҮК-оос Хотула аппликейшнд шалгалт хийсэн талаар танилцуулсан байна. Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК болон "Дижитал Инфосек" ХХК хамтран 2025 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр байгуулсан гэрээний хүрээнд уг аппликейшнийг хөгжүүлжээ.
Шалгалтын явцад тус аппликейшн нь иргэдийн халдашгүй, чөлөөтэй байх эрх, хувийн нууцаа хамгаалуулах эрх, мөн Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал үүсгэсэн байж магадгүй гэж үзэн холбогдох ажиллагааг явуулсан байна. Энэ асуудлаар иргэнээс ирүүлсэн гомдлыг хамтатган шалгажээ.
Үүнтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, баримт гаргуулахаар ХЭҮК-оос хандсан ч 2026 оны хоёрдугаар сарын 16-нд ирүүлсэн тайлбар нь хангалтгүй байсан тул сонсох ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн байна. Улмаар хоёрдугаар сарын 28-нд холбогдох албан тушаалтанд тайлбар өгөх боломж олгосон ч, гуравдугаар сарын 9-нд товлосон сонсголд хүрэлцэн ирээгүй бөгөөд албан бичгээр тайлбар ирүүлэх амлалтаа ч биелүүлээгүй байна.
Иймд ХЭҮК өөрт байгаа мэдээлэлд үндэслэн дүгнэлт гаргасан бөгөөд Хотула аппликейшний хэрэглэгчийг бүртгэх, танин баталгаажуулах ажиллагаа нь хуульд заасан зарчмуудыг хангахгүй байна гэж үзжээ. Тухайлбал, хүний мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахдаа иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, зөвшөөрөлд үндэслэх шаардлагыг бүрэн хангаагүй гэж дүгнэсэн байна.
Мөн уг аппликейшн нь төр, хувийн хэвшлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх зорилгоор танилт нэвтрэлтийн ДАН систем болон нүүр царайгаар танин баталгаажуулах технологийг ашигласан гурван түвшний баталгаажуулалтын систем нэвтрүүлсэн ч энэ нь хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын асуудлыг дагуулж болзошгүйг онцлов.


Сэтгэгдэл байхгүй байна