Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир Бүгд Найрамдах Казахстан Улсад болж буй “Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалт”-д оролцож байна.
“Regional Ecological Summit 2026” /RES2026/ үйл ажиллагаа нь энэ сарын 22-24-нд үргэлжлэх ба Төв Азийн улс орнуудын хамтын уур амьсгалын бодлогын баримт бий болгох, Санхүүжилт болон технологийн бодит шийдэл гаргах, ус, цөлжилт, агаарын бохирдол зэрэг хил дамнасан асуудлыг шийдвэрлэх хамтын санаачилга гаргах зорилготой.
Астана хотод болж буй энэхүү үйл ажиллагааны нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлсэн бөгөөд бусад орны төрийн тэргүүн, сайд нар, олон улсын байгууллагууд, хөгжлийн банкууд, эрдэмтэн судлаачид гээд шийдвэр, санаачилга гаргах олон талын төлөөллүүд оролцож буй юм.
Энэхүү чуулганд БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир “Уур амьсгалын цогц арга хэмжээ, газрын нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлын хамгааллыг уялдуулах замаар хүнсний аюулгүй, тэсвэртэй байдлын чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцсон байна. Тэрбээр хэлсэн үгэндээ, "Монгол Улсын хувьд энэ жил Риогийн гурван конвенцын Талуудын бага хурлуудын хамгийн эхнийхийг зохион байгуулах онцгой ач холбогдолтой жил тохиож байна. Бид үүнийг том хариуцлага төдийгүй, гурван конвенцын хүрээнд илүү нэгдмэл, уялдаа холбоотой үйл ажиллагааг төлөвшүүлэх стратегийн боломж гэж харж байна.
Монгол Улсын хувьд үндсэн зорилго маш тодорхой. Газар бол уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, хүнсний тогтолцооны огтлолцлын гол цэг юм. Иймд нэгдмэл үйл ажиллагаа нь газрын болон хөрсний эрүүл мэндэд тулгуурлаж, системийн түвшинд хэрэгжүүлэх ёстой.
СОР17 бага хурлыг зохион байгуулагч орны хувьд Монгол Улс “Тал хээрийн төлөвлөгөө”-г зорилтоос бодит хэрэгжилт рүү шилжих талбар болгохоор зорьж байна.
Тус төлөвлөгөө нь олон улсын түвшний зорилтыг бодит үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэхийн зэрэгцээ Риогийн конвенцуудын уялдаа холбоог бэхжүүлэхэд чиглэнэ.
Энэхүү алсын хараа нь СОР17 бага хурлын “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” урианд тусгасан. Газрын нөхөн сэргээлт нь хүнсний аюулгүй байдал, орон нутгийн тэсвэртэй байдал, тогтвортой нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй.
Бид “Тал хээрийн төлөвлөгөө”-ний хүрээнд гурван үндсэн санаачилгыг дэвшүүлж байгаа. “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” нь бэлчээрийг нөхөн сэргээх, тогтвортой ашиглахын зэрэгцээ хөрсний эрүүл мэнд, экосистемийн бүтээмжийг сайжруулахад чиглэнэ. “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга” нь хуурай гандуу бүс нутагт ус, газрын нэгдсэн менежментийг дэмжиж, ган болон усны хомсдолд тэсвэртэй байдлыг бэхжүүлнэ. Гурав дахь санаачилга нь Байгальд суурилсан шийдлүүдийг өргөн хүрээнд дэмжихэд чиглэнэ. Эдгээр санаачилгууд нь тус тусдаа хэрэгжүүлэх төсөл бус, харин Риогийн конвенцуудын зорилтыг уялдуулан хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татахад бэлэн нэгдсэн талбар байх болно” гэдгийг онцолсон байна.
Дэд сайд Б.Мөнхтамир
- Байгаль орчны түншлэл ШХАБ болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр: Бүс нутгийн тогтвортой ирээдүйн төлөөх хамтарсан үйл ажиллагаа
- Уулын бүс нутаг ба уур амьсгалын өөрчлөлт: Эмзэг байдлаас тогтвортой хөгжил рүү чиглэх нь
- Олон улсын усны байгууллага байгуулах асуудлаарх зөвлөлдөх уулзалт
- Төв Азийн усны салбарын тогтвортой санхүүжилт: Сорилт, боломж болон хамтын ажиллагааны чиглэлүүд
- Төв Азийн бүс нутагт байгальд суурилсан шийдлийг хэрэгжүүлэх нь
- Дэд бүтцийн тэсвэрлэх чадавхыг сайжруулах буцалтгүй тусламжийн боломжууд зэрэг дээд түвшний уулзалт, хурлуудад оролцож, илтгэл тавих талаар БОУАӨЯ-наас мэдээлэв.



Сэтгэгдэл байхгүй байна