Их Британи, Францын эрх баригчид Ла-Маншийн хоолойгоор дамжин ирэх хууль бус цагаачлалтай тэмцэх тухай шинэ хэлэлцээр байгуулахаар болжээ. Уг баримт бичигт Францын эргийн хяналтыг чангатгахад зориулан Их Британийн тал 662 сая фунт стерлингийн (900 сая орчим ам.доллар) санхүүжилт олгохоор тусгасан байна.
Гурван жилийн хугацаатай хэрэгжих энэхүү хэлэлцээрт хоёр улсын гадаад бодлогын байгууллагын тэргүүн нар болох Шабана Махмуд, Лоран Нуньес нар гарын үсэг зурах ажээ.
Санхүүжилтийг орчин үеийн хяналтын систем нэвтрүүлэхэд, тухайлбал дрон, нисдэг тэрэг, камер ашиглах, мөн хууль сахиулах хүчний тоог нэмэгдүүлэхэд зарцуулна. Түүнчлэн олон нийтийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох чиглэлээр бэлтгэгдсэн дор хаяж 50 ажилтныг нэмж эргүүлд гаргахаар төлөвлөж байна.
Ла-Маншийн хоолойгоор дамжин ирэх хууль бус цагаачдын асуудал одоо ч хурцадмал хэвээр байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд жижиг завиар Их Британид ирж буй цагаачдын тоо тогтмол өссөн бөгөөд 2025 онд 41 472-т хүрчээ. Зөвхөн дөрөвдүгээр сарын 18-нд гэхэд тус улсын Дувр хотод есөн завиар 602 хүн ирсэн бөгөөд он гарснаас хойш ирсэн хүмүүсийн тоо 6 мянгаас давсан байна.
Их Британийн сөрөг хүчин уг хэлэлцээрийг хангалтгүй гэж шүүмжилж, илүү хатуу бодлого хэрэгжүүлэх, тэр дундаа Европын хүний эрхийн конвенцоос гарах боломжийг хүртэл хөнджээ.
Харин хоёр улсын эрх баригчид хамтын ажиллагаа үр дүнтэй байгааг онцолж байна. Шабана Махмуд мэдэгдэхдээ, хууль бусаар хилээр нэвтрэх гэсэн хэдэн арван мянган оролдлогыг таслан зогсоож чадсан боловч цаашид нэмэлт арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгааг дурдсан байна.
Шинэ хэлэлцээр нь хууль бус цагаачлалтай тэмцэх ажиллагааны цар хүрээг өргөжүүлж байгаа бөгөөд уг ажиллагаанд оролцох цагдаа, тусгай албаны болон цэргийн алба хаагчдын нийт тоо 1100-д хүрэх ажээ. Мөн Франц улс эргүүл хийх, таслан зогсоох ажиллагаанд зориулж нэмэлт усан онгоц гаргах юм.
Өмнөх 2023 он байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Их Британиас Францад 476 сая фунт стерлинг олгосноор 700 орчим ажилтны бүрэлдэхүүнтэй эргүүл зохион байгуулах боломж бүрдэж байжээ. Францын талын мэдээлснээр, сүүлийн хоёр сарын хугацаанд цагаачдыг тээвэрлэсэн зургаан завийг саатуулж, таван хүнийг хариуцлагад татсан байна.
Европын Холбооны орнуудад оршин суугаа цагаачдын тоо өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээнд буюу 64.2 саяд хүрсэн тухай Европын статистикийн байгууллага өмнө нь мэдээлжээ. Үүний зэрэгцээ цагаачлалын бодлогыг чангатгасаар байна.


Сэтгэгдэл байхгүй байна