• Эхлэл
  • АБГББХ: 8 газар, 93 үл хөдлөх хөрөнгийг ОХУ-ын нэр дээр бүртгэх асуудлыг хэлэлцэж байна

АБГББХ: 8 газар, 93 үл хөдлөх хөрөнгийг ОХУ-ын нэр дээр бүртгэх асуудлыг хэлэлцэж байна

2026/04/29

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар яг одоо /2026.04.29/ Монгол Улс дахь Оросын үл хөдлөх хөрөнгө, эдэлбэр газар ашиглах эрхийг ОХУ-ын нэр дээр бүртгэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна.  Дээрх асуудлыг хаалттай хэлэлцэх горимын саналыг УИХ-ын гишүүн Ч.Анар гаргасныг олонхи гишүүн дэмжив.

Засгийн газраас 2026 оны дөрөвдүгээр сарын 20-нд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгийн обьектуудын эрхийг ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг өргөн мэдүүлжээ.

Энэхүү хэлэлцээрт тусгаснаар Улаанбаатар, Чойбалсан, Эрдэнэт хотуудад байрлах найман газар, 93 үл хөдлөх хөрөнгийн обьектыг ЗСБНХУ-ын нэр дээрээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Үүнд:

  1. Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах Аэрофлотын барилга /хэсэг/ эдэлбэр газрын ашиглах эрх,
  2. Дорнод аймгийн Хэрлэн сумын төвд байрлах Захиргаа аж ахуйн барилгын цогцолбор/дипломат статустай, Консулын газар ажиллаж байгаад үйл ажиллагаа явуулахаа больсон/ эдэлбэр газрын ашиглах эрх,
  3. Орхон аймгийн төвд байрлах албан контор, орон сууц, аж ахуйн барилгын цогцолбор, эдэлбэр газрын ашиглах эрх, /дипломат статустай, консулын газар ажиллаж байгаад үйл ажиллагаа явуулахаа больсон/
  4. Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах, 56 орон сууцны байр,
  5. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах сүмийн барилга, спорт заал, гаражийн цогцолбор, эдэлбэр газрын ашиглах эрх,
  6. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Худалдааны төлөөлөгчийн газрын барилга байгууламжийн цогцолбор, эдэлбэр газрын ашиглах эрх,
  7. Плехановын нэрэмжит сургуулийн барилгын цогцолбор, эдэлбэр газрын ашиглах эрх,

ОХУ-ын өмчийн үл хөдлөхөд хамаарах газрыг үнэгүй, хугацаагүй олгосон байсныг өөрчилж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу газар ашиглах эрхийг 99 жилийн хугацаатай олгож, зохих татварыг төлөхөөр тусгаж, хавсралт жагсаалтаар нийт найман нэгж талбарын 9.57 га газрыг ашиглуулах, 93 нэгж үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулахаар тусгасан юм байна.

Хэлэлцээрийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут танилцуулав.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна