• Эхлэл
  • Төгрөгийн ханш голлох валютуудын эсрэг сул хэвээр байна

Төгрөгийн ханш голлох валютуудын эсрэг сул хэвээр байна

2026/06/17

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцуулсан мэдээллээр, энэ оны тавдугаар сард төгрөгийн ханш ам.доллар, евро, юань зэрэг голлох валютуудын эсрэг өмнөх оны мөн үеэс суларсан үзүүлэлттэй гарчээ.

Монголбанкнаас зарласан гадаад валютын сарын дундаж ханшаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш тавдугаар сард 3576.05 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.29 төгрөгөөр суларсан байна.

Харин евротой харьцах сарын дундаж ханш 4175.5 төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс 144.3 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарчээ. Гэсэн ч өмнөх сарынхаас 1.35 төгрөгөөр чангарсан байна.

Түүнчлэн төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 525.9 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 30.8 төгрөгөөр, өмнөх сараас 3.4 төгрөгөөр суларсан үзүүлэлттэй байна."Найман шарга" валют арилжааны төвд зургадугаар сарын 16-ны байдлаар ам.долларыг 3588 төгрөгөөр худалдан авч, 3593 төгрөгөөр худалдаж байгаа бол евро 4130-4150 төгрөгийн ханштай байна. Мөн нэг юанийг 531.5 төгрөгөөр авч, 532.7 төгрөгөөр худалдаж байгаа нь тавдугаар сарын дундаж ханшаас өндөр түвшинд хүрснийг харуулж байна.

Төгрөгийн ханш голлох валютуудын эсрэг сулрах хандлага үргэлжилж байгаа бөгөөд зах зээл дээр ам.доллар, юанийн эрэлт өндөр хэвээр байна. Цаашид гадаад худалдааны тэнцэл, экспортын орлого, валютын нөөц болон олон улсын зах зээл дэх нөхцөл байдал ханшийн хөдөлгөөнд голлон нөлөөлөхөөр байгааг эдийн засагчид онцолж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна