Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй “Дүүжин замын тээвэр” төслийн нийт гүйцэтгэл 90 хувьд хүрч, барилга угсралтын үндсэн ажил бүрэн дууслаа.
➡️ Яармаг–Хархорин чиглэлийн 4.2 км урт, хоёр өртөөтэй дүүжин тээвэр нь нийт 98 кабинтай бөгөөд цагт 2,320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Тус чиглэл ашиглалтад орсноор иргэдийн зорчих боломж нэмэгдэж, нийтийн тээврийн хүртээмж сайжрахын зэрэгцээ тухайн чиглэлийн авто замын ачааллыг бууруулахад хувь нэмэр оруулах юм.
⚙️ Одоогоор аюулгүй ажиллагааны тохиргоо, туршилт болон ашиглалтад бэлтгэх ажлууд үргэлжилж байна. Төслийг улсын комисст хүлээлгэн өгч, 2026 оны 12 дугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
📈 Нийтийн тээвэр, дэд бүтцийн томоохон төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэх нь Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшил болон Олон Улсын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, урт хугацааны санхүүжилтийн шинэ боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.
🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтын бэлэн байдлыг нэмэгдүүлэх, санхүүжилтийн боломжийг өргөжүүлэх, төсвийн бус эх үүсвэр татан төвлөрүүлэх чиглэлээр ажиллаж байна.


Сэтгэгдэл байхгүй байна