Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.
Тэрбээр Орхон аймгийн иргэд, төрийн албан хаагчидтай хийх уулзалтаар эхлүүллээ.
Уулзалтын эхэнд Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, төрийн албан хаагчид болон иргэдэд төрийн одон, медаль гардууллаа.
Ахмад барилгачин Ш.Хишигсүрэнг Монгол Улсын Гавьяат барилгачин цол, тэмдгээр, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ш.Ганболдыг Үйлчилгээний гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнав. Мөн Эзэн богд Чингис хааны эш хөргийг аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбатад гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл, урлаг, аж үйлдвэрийн томоохон төв болон хөгжиж буй Орхон аймгийн иргэдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа энэ үеэр илэрхийллээ.
Тэрбээр, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд Орхон аймгийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэдийн хувь нэмэр өндөр байсныг тэмдэглэв.
Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцоллоо.
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж 330 сая ам.долларт хүрсэн. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжиж, 116 сая мод тарьж, ургуулаад байгааг дурдлаа.
Эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болох нь чухал байгааг онцоллоо.
Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1355 оюутан суралцаж байгаагийн 10 орчим нь Орхон аймгийнх юм.
Тэрбээр үргэлжлүүлэн өнөөдөр Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчидтай уулзана.











Сэтгэгдэл байхгүй байна