• Эхлэл
  • Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

2026/10/02

Азийн зуны спортын ХХ наадмын тэмцээн уралдаан өндөрлөхөд нэг, хаалтын ёслол болоход хоёр хоног үлджээ.

 

Энэ өдрүүдэд “Айчи-Нагояа 2026” наадмын бөхийн төрлүүд албан ёсоор эхэлж, Монголын тамирчид медалийн буухиагаа үргэлжлүүллээ. Монголчууд, ялангуяа жүдочид хүсэн хүлээсэн алтаа авсан бол манай багийн медалийн тоо 10-д хүрлээ. Өнөөдөр манай тамирчид жүдо, чөлөөт бөх, тэеквондогийн тулаан, виртуал пүмсэ, жюү жицү гэсэн төрөлд хүч сорино. Өчигдрийн тэмцээн уралдаанаас тоймлон хүргэе.  

 

52 жилийн хүлээлтийг Г.Ганхуяг тайллаа

“Айчи-Нагояа-2026” Азийн наадмын сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд барилдсан үндэснийшигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Солонгосын бөхийг 3:2-оор ялсан ч хагас шигшээд Энэтхэгт 9:0-ээр хожигдов. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркменистаны Аманберди Агамаммедовыг 9:5-аар ялж, Азийн наадмын медалийн тавцанд зогслоо. Энэхүү амжилт нь Монголын сонгомол бөхийн Азийн наадмын түүхэн дэх зургаа, тав дахь хүрэл медальтан болж байна. Түүний хувьд сонгомол бөхийнхний 52 жилийн хүлээлтийг тайлан амжилтыг нь буухиаллаа. Монголын сонгомол бөхийн шигшээ багийн дасгалжуулагч С.Мөнхсүх “Монголын сонгомол бөхийн хөгжил сүүлийн гурван жил идэвхтэй хөгжиж байна. Энэ төрлөөр амжилт гаргахад багадаа таван жил шаардлагатай байдаг. Шат шатаар, бага багаар амжилтууд маань ахиж байна” хэмээн ярьжээ.

 

 

Монголчууд Азийн наадамд 1974 оны Тегеранд болоход анх сонгомол бөхийн төрлөөр нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байв. Тодруулбал 100 кг-ын жинд Х.Баянмөнх мөнгө, 68 кг-д Ц.Нацагдорж, 82 кг-д Д.Цэрэндаш, 90 кг-д Ж.Мөнхбат, +100 кг-дД.Адъяатөмөр нар хүрэл медаль хүртсэн түүхтэй. Тэр цагаас хойш энэ төрлөөр дахин медаль хүртээгүй байсан юм. 

Азийн наадмын сонгомол бөхийн барилдаан өчигдөр албан ёсоор өндөрлөлөө. Монголчууд энэ төрлийг нэг хүрэл, нэг шагналт байр эзэлснээр дуусгав.

 

 

 

 

 

 

 

Т.Алтжин Монголын багийн 10 дахь медалийг зүүв

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Т.Алтжин өчигдөр “Айчи- Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн 10 дахь медалийг чөлөөт бөхийн төрөлд авчирлаа. Тэрбээр эхний тойрогт Непалийн бөхийг цэвэр ялсан ч Японы шилдгүүдийн нэг дэлхийн хошой аварга Нонока Озакид ялагдсан юм. Улмаар хүрлийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт, Энэтхэгийн тамирчин Мансиг 5:2-оор хожив. Манай тамирчин эхний үед 2:0-ээр илүүрхсэн. Түүнчлэн Энэтхэгийн тамирчин шийдвэрлэх хагаст онооны дутууг нөхөх үед Т.Алтжин барилдааны төгсгөлийг сайн хийж, дэлхийн медалиа Азийн наадмын медальтай хослууллаа. Түүний хувьд Азийн наадамд анх удаа оролцохдоо медальтан болж байна. 

Өнөөдөр “Айчи-Нагояа 2026” наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ААШТ-ий хүрэл медальт Б.Мөнхнар, Казахстаны Зейнеп Баяноватай, 76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан, Хятадын Тайванийн Чан Хуй Цатай барилдах гэж байна. Харин эрэгтэйчүүдийн 65 кг-д А.Анх-Эрдэнэ, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Азийн АШТ-ий иж бүрдэл медальт Эрназар Акматалиевтэй, 86 кг-д олон улсын хэмжээний мастер О.Сүлдхүү, Шри-Ланкийн Лакмал Вижесуриятэй, 125 кг-д Б.Намбардагва эхний тойрогт гоц мөргөж, БНХАУ болон Непалийн тамирчдын давсантай нь хүч сорихоор сугалаа татлаа.

 

 

 

Жүдочид багийн дүнгээр гуравдугаар жагсаж байна

Азийн наадмын жүдо бөхийн төрөлд Монголын баг тамирчид дахин гурван медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Т.Ариунзаяа мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм. Тэрбээр Тайланд, Энэтхэг, Хойд Солонгосын бөхийг ялсан ч финалд БНСУ-ын Ху Мимид дийлдэв. Тэгвэл 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэхдээ Киргизийг ялсан ч БНАСАУ-ын бөхөд ялагдсан. Улмаар хүрлийн төлөө БНСУ-ын тамирчин Ким Жисүг ялж, медалийн тавцанд зогсох эрхтэй болсон юм. Харин 70 кг-д У.Анужин Энэтхэгийн жүдоч Инунганби Тахелламбамыг нэг вазари, хоёр юүкогийн илүүгээр ялснаар тивийн наадмаасаа хүрэл медаль зүүж байна. Ийнхүү манай жүдочид эхний хоёр өдөр нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чансаагаар гуравдугаарт жагсаж байна. 

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг, -100 кг, +100 кг болон эмэгтэйчүүдийн -78 кг, +78 кг жингийн барилдаан болно.

 

 

 

 

 

 

 

Монгол, Хятадын ҮОХ спортын салбарт хамтарна

Японы Нагояа хотноо 13 дахь өдрөө үргэлжилж буй Азийн зуны спортын XX наадмын үеэр МҮОХ, Хятадын ҮОХ-той спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор санамж бичиг байгуулжээ. Санамж бичигт ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, БНХАУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч бөгөөд Спортын сайд Гао Жидан нар гарын үсэг зурсан байна. Энэ хүрээнд олимпын спортын хөгжлийг дэмжих, харилцан туршлага, мэдлэг, мэдээлэл солилцох, тамирчдын бэлтгэл сургуулилалтыг сайжруулах, спортын шинжлэх ухаан, инновац, орчин үеийн технологийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн спортын барилга байгууламж, дэд бүтцийн хөгжлийн чиглэлээр туршлага солилцох, спортын салбарын мэргэжилтэн, дасгалжуулагч, тамирчдын чадавхыг бэхжүүлэх, хамтарсан бэлтгэл сургуулилт, сургалт, семинар болон бусад арга хэмжээг зохион байгуулах боломжийг судлахаар тохиролцов.

 

 

Монголын баг 26 дугаар байр руу дэвшив

Азийн зуны спортын наадамд оролцож байгаа 45 орноос 40 нь ямар нэгэн байдлаар медаль хүртжээ. Түүнээс алтан медаль хүртсэн 28 орон байгаа юм. Хүснэгтийг БНХАУ-ын баг 155 алт, 71 мөнгө, 64 хүрэл, нийт 290 медальтайгаар тасархай тэргүүлж байна. Тэгвэл зохион байгуулагч орон Япон 60 алт, 79 мөнгө, 79 хүрэл, нийт 218 медальтай удаалж байгаа бол БНСУ, Узбекистан, Иран, Тайланд, Энэтхэг, Бахрайн, Казахстан, БНАСАУ гэсэн дарааллаар эхний 10-т жагсаж байна. Манай улсын хувьд нэг алт, нэг мөнгө, найман хүрэл, нийт 10 медальтайгаар 26 дугаар байрт жагсаж эхэллээ. Бөхийн төрлүүд эхэлснээр монголчууд 39 дугаар байраас ахисан нь энэ. 

 

Гэрэл зургуудыг: МССХ-ны гишүүн Ч.Ганбат, Ч.Ганболд, П.Ууган-Эрдэнэ

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна