• Эхлэл
  • “Мондулаантрейд” хууль бусаар алт угаажээ

“Мондулаантрейд” хууль бусаар алт угаажээ

2016/01/19

Хууль бус, зөвшөөрөлгүйгээр алт олборлох явдал гаарсаар байгаа. Энэ нь хууль хэрэгжихгүй байгааг харуулж буй хэрэг.

 Тэгвэл Төв аймгийн Заамар суманд “Мондулаантрейд” компани зөвшөөрөлгүй талбайгаас алт олборлож байгаа талаар мэдээллээ. Дээрх компанийг хууль бусаар явуулж байгаа олборлолтоо зогсоохыг Төв аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагууд шаардсан боловч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанийг 13 сая төгрөгөөр торгосон. Бүр цаашлаад хөрсний нөхөн сэргээлт хийхийг шаардсан боловч тэдний шаардлагыг хүлээж авахгүй байгаа аж.

Дээрх мэдээллийг өгсөн “Авдарбаян” компанийн захирал Ц.Ганхуяг хэлэхдээ: Манай компани нь 1995 оноос Төв аймгийн Заамар сумын Улаан Шивэртийн аманд алт олборлох үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн дагуу явуулж ирсэн.

Манай компанийн хасалт хийлгээд дахин ашиглах зөвшөөрлөө хөөцөлдөж байх араар “Мондулаантрейд” компани тухайн талбайг ямар ч зөвшөөрөлгүйгээр ашиглаж, хөрс хуулалт хийж эхэлсэн.

Одоогоор гурван тонн алт олборлосон. Энэ компанийн хууль бус үйл ажиллагааг зогсоож өгөөч гэхээр мэргэжлийн хяналт, цагдаагийн газрууд хоорондоо албан бичиг шидэлцэж, Төв аймгийг Засаг даргын томилсон ажлын хэсэг газар нь очиж танилцахгүй байна" хэмээжээ.

Ийн энэ хэргийг авч хэлэлцэхгүй байгаа учраас төрийн болон мэргэжлийн байгууллагын тушаал шийдвэрийг үл ойшоон хууль бус үйл ажиллагаа явуулж буй “Мондулаантрейд”  компанид арга хэмжээ авч өгөхийг Уул уурхайн яам болон төр засгийн холбогдох байгууллагуудад уламжилсан байна.

Хууль зөрчөөд буй компани улайм цаймдаа гарч өнгөрөгч бямба гаригаас алттай шороог тээвэрлэж, зөөх, угаах ажлыг эхлүүлсэн байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна