Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр /нэгдүгээр сарын 23/ “Талст трейд” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, “Буянт-Ухаа 2” орон сууцны хороололд ажиллав.
“Талст трейд” ХХК-ийн захирал Г.Болд Улсын Их Хурлын даргыг угтан авч, үйл ажиллагааныхаа талаар танилцуулав. "Талст трейд" компани 1992 онд байгуулагдсан бөгөөд 2000 оноос хойш үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж иржээ. Бетон эдлэл, модон хаалга, тавилгын үйлдвэрлэл эрхэлдэг байсан. Мөн Хөгжлийн банкнаас 0.6 тэрбум төгрөгийн зээл авч, Солонгос, Итали, Оросын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон металл хийцийн үйлдвэрлэлээ 2015 онд эхлүүлжээ.
Ипотекийн зээлийн эргэлтийг гацаагаад байсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсанаар ипотекийн зээл сэргэх боломж бүрдэнэ. Иймд барилга угсралтын компаниудтай хамтран ажилладаг бусад компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломж бүрдсэнд баяртай байгаагаа “Талст трейд” ХХК-ийн захирал Г.Болд хэллээ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Талст трейд” ХХК-ийн бүтээгдэхүүний борлуулалтын талаар болон ижил төрлийн импортын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломжийн талаар тодруулав. Материалын чанар, хийцээс шалтгаалан зарим бүтээгдэхүүний үнэ 20-30 хувь илүү байдаг бол зарим нэр төрлийн бүтээгдэхүүн харьцангуй хямд байдгийг тус компанийн захирал Г.Болд танилцууллаа.
Төрийн байгууллагууд болон үндэсний компаниуд импортын бүтээгдэхүүн худалдаж авахгүй байвал дотоодын үйлдвэрлэл сэргэж, цаашлаад хөгжих хэрээр олон монгол хүн ажлын байртай, орлоготой байх боломж бий гэдгийг хэлж байв. Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Хувийн байгууллагуудын худалдан авалтыг төрөөс зохицуулах боломжгүй. Харин Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр төсвийн хөрөнгөөр худалдан авалт хийхдээ дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах үүргийг хуулиар хүлээсэн. Энэ зохицуулалт нь үндэсний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих зорилготой” хэмээн тайлбарлав.
Мөн энэ өдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Буянт-Ухаа 2” хороололд ажилласан. Тэрээр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо буюу Дарь-Эхэд 14 жил амьдарч байгаад “Буянт-Ухаа 2” хороололд шинэ байранд ороод байгаа О.Гэрэлсайханы гэрт зочилсон байна. Улсын Их Хурал 01 дүгээр сарын 19-ний өдөр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар ипотекийн зээл шийдэгдэж “Буянт-Ухаа 2” хорооллын 100 гаруй өрхийн зээл шийдэгдэж, орон сууцандаа ороод байгаа аж. 4 ам бүлтэй О.Гэрэлсайханых тэдгээр өрхүүдийн нэг бөгөөд төр засгаас иргэдээ дэмжин, асуудлыг шийдвэрлэсэнд талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн орон сууц шинээр ашиглалтад орж, айл өрхүүд орон сууцтай болохын хэрээр агаарын бохирдол буурч, иргэд ая тухтай амьдрах боломж нэмэгдэх ач холбогдолтой талаар хэлж байв.
УИХ-ын дарга хэлэхдээ, “Цаашдаа бага хүүтэй зээлээр иргэдээ орон сууцтай болгох ипотекийн зээл олголтыг тасралтгүй үргэлжлүүлэхээр Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг баасан гаригт УИХ баталлаа. Ингэснээр ирэх 40-50 жил, түүнээс ч урт хугацаанд тасралтгүй ажиллах сан байгуулагдаж байгаа юм. Өнөөдөр 18000 орон сууц бэлэн байна, одоо энэ салбарын үйл ажиллагаа идэвхжиж, санхүүгийн эргэлт явагдаж эхэлж байгаа” гэлээ.
Ипотекийн зээл нь олон сайн үр дүн үзүүлж байгаа талаар энэ үеэр иргэд ярьж байлаа. Тухайлбал аж ахуйн нэгж, компаниуд ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлдөг болсон. Түүнчлэн шинэ орон сууц ашиглалтад орохоор тавилгын худалдан авалт нэмэгдэж, тохижилт үйлчилгээ эрхэлдэг байгууллага, хувь хүмүүс ч орлоготой болж байна хэмээн ярьж байлаа.
Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын даргын ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа, ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга болон албаны бусад хүмүүс ажиллав.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
Сэтгэгдэл байхгүй байна