• Эхлэл
  • З.Энхболд оффшортнуудаа “ЖИЙЖ” чадвал сонгуулийн өнгө цэнхэртэж мэднэ

З.Энхболд оффшортнуудаа “ЖИЙЖ” чадвал сонгуулийн өнгө цэнхэртэж мэднэ

2016/05/27

З.Энхболд АН-ын дарга болж, тамгаа гардмагцаа “Фракцгүй нам болно” хэмээн тунхаглан зарласан ч АН фракцын зодоондоо өнөөдрийг хүртэл цэг тавьж чадсангүй.

Сөөм сөөмөөр эрх мэдлээ ахиулж, шат шатанд нь дарангуйллаа тогтоосноос хэтрээгүй тэрээр Орон нутгийн мандатыг Чингис, Мандухайгаар нь ялгасан бол хотын тойргуудын хуваарилалтыг фракцийн эрх ашигт нийцүүлэв.

Тухайлбал, Баянгол дүүргийг “Шонхор”-т, Чингэлтэй дүүргийг МоАХ, Сүхбаатар дүүргийг Нэг ардчилал, Сонгинохайрхан дүүргийг “Алтангадас”-т гэж “хаяглав”. Зарим нь шог хуваарилалт гэж байгаа ч фракцийн эрх ашиг үргэлж тэргүүнд тавигдаж ирсэн эл намын удирдлагуудад тэр тийм ч сонин биш. Тэр дундаа Зи-д.

З.Энхболдын хэлсэндээ хүрэх сүүлчийн боломж нь өнөөдөр. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр АН-аас оффшортой нэр холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэж З.Энхболд хоёр ч удаа мэдэгдсэн. Намын даргын үг үнэн бол оффшортой нэр холбогдсон С.Баярцогт, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, Х.Баттулга, Д.Зоригт нар энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй.

Намынх нь томоохон санхүүжүүлэгчид, дээрээс нь өнөөх фракцийн эрх ашгийн тэргүүнд эрэмбэлэгддэг нөхдүүдийн замыг Зи хааж дөнгөх болов уу. Хэрэв З.Энхболд өнөөдөр хэлсэндээ хүрч татвараас зайлсхийж, дансаа гадаадад гаргасан нөхдүүдийг нэр дэвшүүлэхээс татгалзаж чадвал улс төрийн рейтинг нь өдрөөс өдөрт унасаар байгаа АН олон нийтэд гоё харагдаж, Зи даргын төдийгүй толгой фракцынх нь нэр хүнд өсөх нь лавтай.

Зи дарга дотор ухаан гаргаж С.Баярцогтоороо туг тахиж намынхаа төдийгүй өөрийнхөө нэр хүндийг аварна гэж давхар тооцож оффшортонуудын акцыг далд дэвэргэсэн боловч Дархан-Уул , Сэлэнгийнхнийг өөрийнхөө эсрэг босгож төлөвлөгөө нь бүтэлгүйтээд байгаа. Яг энэ цаг үед З.Энхболд хэлсэндээ хүрч оффшортнуудаа жийж чадвал сонгуулийн өнгө цэнхэртэхийг хэн байг гэхэв.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна