Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Иргэний зориг ногоон намын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу 2016 оны тавдугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгч ИЗНН-аас СЕХ-ны 2016 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, тус намыг 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-нд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан аж.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2016 оны тавдугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.
Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар мөн хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, СЕХ-ны тавдугаар сарын 2-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, тус намыг 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-д даалгаж шийдвэрлэлээ.
Нэмэлт мэдээлэл 2016.05.30-ны 15:00 цагийн байдлаар:Ийнхүү ИЗНН-ыг сонгуульд оролцуулахаар бүртгэх шийдвэр гарснаар тус намынхан сонгуульд оролцох эрхтэй болж байх шиг байна. Гэвч Сонгуулийн хуульд зааснаар бол тавдугаар сарын 27-нд намууд нэр дэвшигчээ тодруулсан байх ёстой. Мөн намуудын нэр дэвшигчээ бүртгүүлэх хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа юм. Энэ тохиолдолд яах вэ гэсэн асуултанд ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг "Энэ бол биднээс үл хамаарах СЕХ-ын буруутай үйл ажиллагаанаас болсон учир УДШ-ийн шийдвэрийг биелүүлж манай хүмүүсийг бүртгэх ёстой" гэж хариулсан байна. Тус нам гурван даргатай сонгуульд оролцох тухай бичиг баримтад намын дарга нарын байр суурь зөрөөтэй, намын нэг дарга С.Оюун гарын үсэг зураагүй, бичиг баримт дутуу гэдэг үндэслэлээр СЕХ бүртгэхээс татгалзсан. Харин түүнээс хойш намын дарга С.Оюун сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн. Харин нөгөө дарга болох УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл намаасаа гарч, Ардчилсан намын нэр дээр сонгуульд оролцох болоод байгаа юм.
Гэхдээ ямартай ойрын 2-3 хоногийн хугацаанд ИЗНН нэр дэвшигчдээ тодруулан СЕХ-нд бүртгүүлнэ гэж тус намын дарга Ц.Ганхуяг хэлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна