• Эхлэл
  • П.Бямбачулуун П.Лүндээжанцан болсон нь

П.Бямбачулуун П.Лүндээжанцан болсон нь

2016/06/08

Сонгууль дөхөхөөр луйврын арга хэрэглэсэн, сонгуулийн хууль зөрчсөн гэх мэт хэргүүд дэгдэж эхэллээ.

Өчигдөр /2016.06.07/ л гэхэд Дархан-Уул аймгийн 43-р тойрогт "Эх Орончдын Нэгдсэн Эвсэл"-ээс нэр дэвшигч С.Ганбаатар хууль зөрчсөн тухай мэдээлэл гарсан бөгөөд түүний зөрчлийн хэргийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн.

Харин үүнийг тэрээр “ЦЕГ-т шалгуулж байгаа нь сонгуульд оролцуулахгүй байх зорилгоор хийж буй зохион байгуулалттай үйлдэл” гэж  үзэж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл дахин зөрчлийн хэрэг гарсан байна. Тодруулбал:

Баянгол дүүрэг 70-р тойрогт нэр дэвшиж буй П.Бямбачулуун нэрээ Лүндээжанцан болгон энэ нэрээр саналын хуудаст бичиж өгөх хүсэлтийг Сонгуулийн Ерөнхий хороонд өгчээ.

Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаанаараа энэ хүсэлтийг хэлэлцээд нэр солих захирамж хуурамч тул П.Бямбачулуун нэрээр нь саналын хуудаст бүртгэхээр болсон байна.

Учир нь нэр дэвшигчийн үндсэн бичиг баримттай танилцахад намын хурлаасаа нэр дэвшсэн тогтоол, тэмдэглэл, танилцуулга, нэр дэвшихийг зөвшөөрсөн хүсэлт нь бүгд П.Бямбачулуун гэдэг нэрээр байгаа аж. Уг асуудлыг цагдаагийн байгууллагад шийдүүлэхээр өгсөн байна. П.Бямбачулуун "Тусгаар тогтнол эв нэгдэл" эвслээс тус тойрогт нэр дэвшиж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мөн энэ тойрогт нэр дэвшиж байгаа аж.

Ингээд ч зогсохгүй өнөөдөр УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Гарамгайбаатар Сонгуулийн хууль зөрчсөн талаар МУНН-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус намынхан 41 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Гарамгайбаатарыг сонгуулийн хуулийг зөрчсөн хэмээж хэд хэдэн баримтыг хэлсэн юм.

Б.Гарамгайбаатар нь 2016 оны тавдугаар сарын 26-наас 29-нд гурван хоногийн турш Налайх дүүргийн нутаг дэвсгэр дэхь Тэрэлжийн Улаанбаатар-2 амралтын газарт Хэнтий аймгийн иргэд, сонгогчдыг цуглуулан хүлээн авалт зохион байгуулж дайлж, цайлж, архидуулан Сонгуулийн хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан тухай мэдээлсэн юм.

Түүнчлэн дээрх үйл ажиллагаанд төрийн өмчийн автомашинуудыг ашиглаж байсан тухай мэдээлсэн бөгөөд Хэнтий аймгийн ИТХ-ын автомашин  /0002 ХЭА/, мөн Дадал сумын Засаг даргын тамгын газрын автомашин /0047 ХЭА/-ууд байжээ. Энэ нь ч мөн сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, дээрх хэрэгтэй холбоотой гомдлыг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргаад байгаа аж. Мөн СЕХ болон бусад холбогдох байгууллагад мэдэгдэл хүргүүлэх болсоноо мэдэгдэв.

Хэвлэлийн бага хурлын үеэр Б.Гарамгайбаатарын өрсөлдөгч 41 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Одгэрэл “Бүгдээрээ шударгаар өрсөлдье. 41 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Гарамгайбаатарын хууль зөрчиж буй энэ үйлдлүүд нь зөвхөн дээрх зүйл биш, үүнээс ч олон зөрчил байгаа. Түүнийг төрд тэрсэлсэн гэмт хэрэг гэж хэлэхэд болно. Хууль зөрчих нь Б.Гарамгайбаатарын өдөр тутмын үйл ажиллагааны нэг хэсэг болсон.

Санаатайгаар хийж буй үйлдэл нь Монгол төрийн эсрэг төрийг ганхуулах гэсэн сонирхолтой ажиллаж байгаа юм уу? гэж харахаар байна. УИХ-ын гишүүн хүн хууль тогтоох эрхээ ийм хэмжээгээр ашиглаж болохгүй. Хуулийн дагуу ажиллаж хэрэгтэй. Монгол төрд ийм хүн байх шаардлагагүй гэж үзэж байна. Бүгдээрээ шударгаар өрсөлдье” гэв.

Энэ мэт нэр дэвшигчдийн жүжиг дуусахгүй нь. Одоо удахгүй жүжиг ар араасаа үргэлжлэх бололтой.

Ч.Гэрэл


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна