Сонгуультай холбоотой асуудал ар араасаа ундарсаар буй. Ихэвчлэн хоорондоо хэрэлдсэн, хууль зөрчсөн, гүтгэсэн гэх мэт хэргүүд гарсаар байгаа билээ.
Өчигдөр л /2016.06.08/ гэхэд МУНН-аас 41 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Одгэрэл өрсөлдөгч болох 41 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Гарамгайбаатарыг сонгуулийн хууль зөрчсөн хэмээж түүний хууль зөрчсөн үйлдлийг холбогдох байгууллагуудаар шалгуулах болсоноо мэдэгдсэн.
Энэ мэтчилэн сонгууль хууль зөрчсөн гэх хүн нь ганц Б.Гарамгайбаатар биш буюу үймээний эзэн С.Ганбаатар хүртэл энэ асуудалд орооцолдож амжсан.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас сонгуулийн тухай хуулийн 70.1.6 болон 70.7 дах заалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Зургадугаар сарын 11-нд буюу ирэх бямба гаригаас УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ.
ШӨХТГ-ын улсын байцаагч Д.Лхагвасүрэн “Сонгуулийн тухай хуулийн 70.1.6-д заасан “Сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл цахим орон зай, мессеж, ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно” гэж заасан. Энэ хүрээнд гол хяналтаа тавьж ажиллах болно” гэв.
Мөн хуулийн 68.6, 68.7-д сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу өмнөх өдрийн 00.00 цагт зогсоох аж.
Сонгуулийн тухай хуулийн 68.7-д сонгуулийн сурталчилгааны аливаа материалын доод хэсэгт захиалсан этгээдийн эх сурвалжийг заавал дурдаж, захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих ба энэ нь телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарах бол радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл төгсгөлд захиалагчийн нэрийг дурдана гэсэн заалтуудыг хянаж ажиллахаар өрсөлдөөний асуудал хариуцсан байгууллагад хариуцуулсан тул үүнд хяналт тавьж ажиллаж байгаа тухай мэдээлсэн юм.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь одоогийн байдлаар 30-аад сонин, 50-60 вэб сайт, 30-аад телевизэд тогтмол мониторинг хийж ажиллаж буй бөгөөд сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байгаа хэдий ч нэр дэвшигч, нам эвслээс хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой гомдол ирж эхэлсэн байна.
ШӨХТГ-ын улсын байцаагч Д.Лхагвасүрэн “Хоёр төрлийн гомдол ирсэн. Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо, нэг нэр дэвшигчээс ирсэн. Энэ нь нэр төрд халдсан, үндэслэлгүй мэдээлэл гаргаж байгаа гэсэн гомдол тул шалгаж эхэлсэн. Бид өнөөдөр холбогдох хүмүүсийг нь дуудаж, тайлбар авч хяналт шалгалтын ажлаа эхлүүлсэн” гэв.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна