Сүүлийн үед МАН-аас НИТХ-ын сонгуульд дэвшиж байгаа нэр бүхий хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэн Б.Чулуудайг “оффшор данстай”, “түүгээрээ гүйлгээ хийсэн нь тогтоогдож байна” гэж илт худал, нэр төрд халдсан гүтгэлгийн чанартай мэдээ тараах болсон.
Үүнтэй холбоотойгоор иргэн Б.Чулуудайн өмгөөлөгч Д.Нямдорж болон нийслэлийн АН-ын хуулийн зөвлөх Р.Батцогт нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хуулийн зөвлөх Р.Батцогт “Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлтэй нэг тойрогт өрсөлдөж буй МАН-ын нэр дэвшигч Б.Цэрэн гэгч, түүний хамсаатнууд нь АН-ын нэр дэвшигчийн эсрэг ухуулга сурталчилгаа хийж Сонгуулийн тухай хуулийн 70.5.13-ийн “...бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараахыг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн үйлдлийг олон давталттайгаар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон ухуулга сурталчилгааны явцад гаргасаар байна” гэв.
Мөн Б.Чулуудайн өмгөөлөгч Д.Нямдорж Монгол Улсын Үндсэн хуулийн 16-ын 14-т “... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан байх ба “оффшор компани”-тай байх нь МУ-ын Эрүүгийн хуульд заасны дагуу гэмт хэрэг гэж заасан нэг ч зүйл заалт байхгүй гэдгийг онцоллоо.
Тэрээр үргэлжлүүлэн “Б.Чулуудайг “гэмтэн” “ гэмт хэрэг үйлдсэн” гэх буруу ойлголтыг нийгэмд тараан түгээж сонгуулийн зорилгодоо ашиглаж байна. Тиймээс энэхүү явуургуй үйл ажиллагааг таслан зогсоож, энэ ажлыг гардан зохион байгуулж буй этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар иргэн Б.Чулуудайгийн зүгээс цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргалаа” гэсэн юм.
Түүнээс гадна Б.Чулуудай нь 2011 оны 6-р сард Сингапур улсын “Моссак Фонсека” нэртэй хуулийн этгээд байгуулах үйл ажиллагаа эрхэлдэг компаниар дамжуулан ОУ-ын хууль дүрмийн дагуу “Strategic MinesInc” ХХК-ийг байгуулсан байдаг ч энэхүү компанийг 2013 он татан буулгасан юм. Уг компани нь үйл ажиллагаа явуулаагүй, дансаараа ямар нэг гүйлгээ хийгээгүй болохыг Британийн Виржин арлуудын Санхүүгийн үйлчилгээний хорооноос албан ёсоор нотолсон байдаг.
Худал мэдээлэл тараан гүтгэж байгаа хүмүүс “Б.Чулуудай нэг биш нэлээн хэдэн оффшор данстай юм байна” гэсэн. Ингэхдээ “Монгол ТВ”-ийн мэдээг иш үндэс болголоо гэжээ. Гэтэл бичлэгт дурдаж байгаа асуудлын талаар өөрсдөө санаанаасаа үг зохиож, тэр дунд огт яригдаагүй “оффшор данс” гэх нэр томьёог ашиглан бусдыг гүтгэн гүжирдэж байгаа нь баримтаар нотлогдож байгаа юм. Учир нь телевизийн мэдээнд дурдагдсанаар бол “...Чулуудай өөр нэг оффшор компанийн хувьцааг худалдан авсан байна, панамын баримтуудаар ....гэсэн компаниудтай түүний нэр холбогдоод байгаа нь анхаарал татаж байна” гэсэн байдаг.
МАН-ын нэр дэвшигч Б.Цэрэн нь өөрийн нэр дэвшиж буй тойрогтоо санал татах, өрсөлдөгчөө гутаан гүтгэх зорилго агуулсан мэдээлэл хийхдээ Сонгуулийн тухай болон Эрүүгийн хуулиудыг зөрчсөн. Тэрээр хууль бус шаардлагаа тавихдаа Сонгуулийн тухай хуулийн “...сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн аливаа үйлдэл, үйл ажиллагааг явуулах”-ыг хориглосон заалтыг ноцтой зөрчиж байгаа юм. Харин хууль хяналтын байгууллагаас Б.Цэрэнг буруутайд тооцвол сонгуулийн өрсөлдөөнөөс нэрийг нь татах хүртэл арга хэмжээ авах юм.
Эцэст нь Монгол Улсын үндсэн хуулиар иргэн надад олгосон эрхээр миний төр, алдар хүндэд хэн ч халдаж, өөрийнхөө явцуу эрх ашигт нийцүүлэн гутаан доромжилж, сонгуулийнхаа компанит ажлын хүрээнд өөрийн нэр хүндээ өсгөх “хэрэгсэл” болгох эрхгүй болохыг дахин мэдэгдэж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Ардчилсан намын сонгуулийн штаб
Сэтгэгдэл байхгүй байна