Нэр дэвшигчдийн дундах өрсөлдөөн гэх үү, маргаан гэх үү? гэх эргэлзээтэй асуудал үргэлжилсээр байна. Сонгууль болоход зургаан хоног үлдээд байгаа бөгөөд нэр дэвшигчид сурталчилгааны ажил гээд тун завгүй байгаа.
Саяхан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн архидан согтуурч буй бичлэг дуулиан тариад байсан ч өчигдөр сонгуульд нэр дэвшихээ больж нэрээ татсан гэх мэдээлэл гарсан. Гэсэн ч энэ нь үнэн, худал нь тодорхойгүй байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр эмэгтэй гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ өөрийн гэр бүлийн хүн болон хүүгийн хамт хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр УИХ-ын 72-р тойрогт нэр дэвшигч Н.Учрал түүний эсрэг хууль бус үйлдэл хийж байгааг эсэргүүцэн хууль зөрчсөн үйлдлүүдийн заримыг нь хэвлэл мэдээллийнхэнд дэлгэлээ.
Эрх зүйч А.Гантамир “Нэгдүгээрт, "Ноцтой мэдээ" сонинд З.Баянсэлэнгэ нэр дэвшигчийг гүтгэсэн бүтэн нүүр материал нийтлэгдэн гарсан.
Энэ нийтлэлд нэр дэвшигчийг тендер авсан, үнэтэй байр авсан, БХБЯ-ныхныг гадаадад амраасан, садар самуун явдалтай гэх мэтээр гүтгэлэг мэдээлэл агуулагдсан байгаа учраас тус сониныг шүүхэд өгч байна.
Хоёрдугаарт, Ойрын өдрүүдэд орсон бороотой холбоотойгоор УИХ-ын 72 дугаар тойрогт гудамж талбайд их хэмжээний ус тогтсоныг нэр дэвшигчид шороо асгаж, том оврын машинуудаар эвдэрсэн замуудыг засаж тэгшилсэн. Энэ нь хуульд нийцэж байгаа эсэхийг шалгуулахаар СЕХ-нд хандаж байгаа.
Гуравдугаарт, УИХ-ын 72 дугаар тойрогт нэр дэвшигч З.Баянсэлэнгийн сурталчилгааны самбар тойргийн хэмжээнд 70 гаруй байгаа. Гэтэл тус тойрогт МАН-аас нэр дэвшигч Н.Учралын 120 гаруй сурталчилгааны самбар байна. Түүнчлэн самбарууд нь өдөр бүр солигдож байгаа. Түүнд нь ямар хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байгааг, зардал нь сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээнд багтаж байгаа эсэхийг шалгуулахаар ҮАГ-т хандаж байгаа гэв.
Мөн нэр дэвшигч Н.Учралын сурталчилгааны хүмүүс З.Баянсэлэнгэ нэр дэвшигчийг дагадаг, уулзалтуудыг нь үймүүлдэг, байнга зураг хөргийг нь авдаг. Тэр олон сурталчилгааны самбар, ухуулагч нарыг ажиллуулахад маш их хэмжээний мөнгө зарна шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг холбогдох байгууллагуудаар нь шалгуулна" гэв.
Ингээд зогсохгүй Н.Учрал нэр дэвшигчийн сурталчигааны самбар тараах материал маш их буюу сурталчилгааны самбар нь 120 гарсан байгаа аж. Түүний сурталчилгааны самбар өдөр бүр өөрчлөгддөг бөгөөд хэмжээний хувьд ч тэр зургийн агууламж нь хүртэл өөр өөр болж байдаг тухай хэлэв. Ийн асар их мөнгөөр сонгуульд оролцож байгаа бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон дээд зардалд багтаж байгаа эсэхийг албан ёсоор шалгуулна гэдгээ хэлсэн юм.
Эрх зүйчийн хэлсэнээр УИХ-ны гишүүн Л.Эрдэнэчимэгийн бичлэгийг Н.Учрал 200 сая төгрөгөөр худалдаж авсан тухай болон түүний санхүүгийн холбоотой зүйлийг холбогдох байгуулагуудаар шалгуулах шаардлагатай гэж үзэж байгаа аж. Нэр дэвшигч Н.Учрал нь үндсэн ухуулагчаас гадна маш олон хүмүүсийг давхар ажиллуулж байгаа тухай мэдээлсэн юм.
УИХ-ын гишүүн, УИХ-ын 72-р тойрогт нэр дэвшигч З.Баянсэлэнгэ
“Эмэгтэйчүүд улс төрд орно гэдэг хэцүү юм байна. Маш их дарамт шахалттай байдаг юм байна. Амьдрал руу нь, тогоотой хоол руу нь өнгийж байна. Ингээд зогсохгүй гэр орон руу нь дайрдаг юм байна. Өнөөдөр З.Баянсэлэнгэ гэдэг хүний нэр төрд халдаж байгаа мэт өнгөцхөн харагдаж байгаа боловч миний гэр бүлийг доромжилж байна гэж би үзэж байна. Намайг бүтэн нүүр нийтлэлээр гутаах гэж байгаа бол би үүнд мохохгүй.
Мохох байсан бол би улстөрд орохгүй байсан. Тендер авсан гэж байна. Би цагдаагийн байгууллагад өөрийгөө өгч шалгуулсан. Асуудалд холбогдолгүй гэсэн бичиг ирж байсан. Дээрх үйлдлүүдийг нэр дэвшигч Н.Учралын зүгээс явуулж байгаа гэж үзэж байна. Тиймээс үүнийг холбогдох байгууллагуудад нь шалгуулна. Баримт нотолгоог гаргаж тавина. Оюутны сургалтын төлбөрөөр тэрбум тэрбумаар цацаж байгаа хүүхэдтэй доошоо орж юм яриад яахав дээ гээд чимээгүй явсан. Одоо дэлгэе, яръя. Сонгууулийн 72-р тойрог гээд хувиарлагдаад явж байхад Н.Учрал манай яаман дээр ирж надтай уулзсан.
Тэрээр уулзаад “З.Баянсэлэнгэ эгчээ та санал хуваах хэмжээний хүн биш. Та төрд байх ёстой хүн. Та бол энэ төрд хэрэгтэй хүн. Тийм учраас би таныг тойргоо солиод өгөөч гэж гуйж байна. Тойргоо сольчих юм бол УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг амархан ялах гээд байна. Тиймээс тойргоо солиод өгөөч” гэж надаас гуйсан. Мөн “Надад 6000 оюутан байна. Би оюутнуудаасаа таньд өгье. Надад гурван телевиз байна телевизээсээ таньд өгье. Тэгээд та надад тойргоо солиод өгчих” гэсэн. Би шударгаар өрсөлдье гэсэн.
Нэр дэвшигч Н.Учралыг Хэнтий аймагт ах нараас нь жийгдээд ирснийг нь, БЗД-т ИТХ-ын төлөөлөгч байгаад тэнд орон зай байхгүй жийгдээд ирэхэд нь би дуугүй л байсан. Тэр болгоныг нь яриагүй. МАН-ын бага хурал дээр уйлаад сууж байсанг нь хэлээгүй, чимээгүй л байсан. Одоо миний гэр бүлээр битгий оролд. З.Баянсэлэнгэтэй өрсөлдье гэвэл шударгаар өрсөлд. Үүнийг холбогдох хуулийн байгууллагад өгнө” гэдгээ хэлэв.
Хүү Т.Болдбаатар "Их дээд сургууль төгссөн, өндөр боловсролтой, гэр бүл зохиосон эр хүн эмэгтэй хүнийг доромжлоод яваад байгаа нь байж боломгүй асуудал. Миний ээж шударга хүн. Ээжид оффшор данс, хувийн бизнес байхгүй. Тийм байхад шударгаар өрсөлдөж чадахгүй доромжлол, гүтгэлэг тарааж байгаа нь зохимжгүй байна.
Хэрвээ ээж тийм их мөнгөтэй байсан бол би өдийд нэг хувийн компанийн захирал хийгээд явж байх байсан байх. Гэхдээ манайх тийм айл биш. Манайх шударга айл" гэв.
Нөхөр Т.Түвшинжаргал "Би төрийн албан хаагч. Хуулийн дагуу би сонгуулийн сурталчилгаа хийж болохгүй. Тийм болохоор албан ёсоор ээлжийн амралтаа аваад хэвтэрийн өвчтэй хадам ээжийгээ асарч байна.
Н.Учралд хандаж ганц л юм хэлмээр байна. Эрээ цээргүй, увайгүй үйлдлээ зогсоогооч ээ. Өөртэй нь өрсөлдөж байгаа эмэгтэйчүүд рүү битгий ийм увайгүй байдлаар дайраач ээ. Н.Учрал өөрөө эмээтэй, ээжтэй, эгчтэй, эхнэртэй, охин үртэй хүн. Одоо энэ бусармаг үйлдлүүдээ зогсоо" гэж бухимдалтайгаар хэлэв.
Энэ мэтчилэн сонгуулийн хууль зөрчсөн болон өрсөлдөгчдөө томоохон амлалт өгч, хахуулдах гэж оролдох үйлдэл гарсан байна. Дээрх мэдээллийн үеэр бүх хууль зөрчсөн үйлдлүүдийг баримтжуулсан байгаа гэсэн юм. Сонгууль болоход хэдхэн хоног үлдээд байхад шударга бусаар өрсөлдөөнөө явуулж асуудалд орж буй нэр дэвшигчид цөөнгүй байгаа гэлцэж байна.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна