Монгол Улсын хаа ч очсон улстөржсөн хүмүүсийн тоо олширч байгаа нь энэ сарын 29-нд болох сонгуультай холбоотой биз ээ.
Сонгуулийн санал өгөх хугацаа ойртсоор байгаа энэ үед нэр дэвшигчид намууд хоорондоо үл ойлголцсоор байгаад иргэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна.
Төр түших хүмүүс ийн улайрч нэгнийгээ гүтгэж, хууль зөрчиж байгаа нь Монгол Улсын ирээдүй гээч зүйлийн талаар ярих ч хэрэггүй болж байна гэлцэж байна.
Өчигдөр /2016.06.23/ гэхэд сонгуультай холбоотой хэд хэдэн мэдээллийг сэтгүүлчдэд хийсэн.
Эхнийх нь Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын гишүүд, дэмжигчид УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй Д.Тэрбишдагва МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж МАН-д орсон явдлыг шүүмжилж сонгогчдод хандан түүнд саналаа өгөхгүй байхыг уриалав.
З.Баянсэлэнгийн өрсөлдөгч, тэрбум тэрбумаар цацагч Н.Учрал
Харин дараагийнх нь УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ. Тэрээр УИХ-ын 72-р тойрогт нэр дэвшиж буй өрсөлдөгч Н.Учралыг сонгуулийн хууль зөрчиж гэр бүлийн нэр хүндэд халдсан гэж үзэж холбогдох байгууллагуудад түүний хууль зөрчсөн үйлдлүүдийг шалгуулах болно гэдгээ мэдэгдсэн.
Ингээд ч зогсохгүй нэр дэвшигч Н.Учрал нь нэр дэвшигч З.Баянсэлэнгэд оюутан болон телевиз өгөхийг санал болгосон гэнэ шүү. Энэ нь түүнийг хахуульдах гэсэн оролдлого гэж болохоор байгаа гэж З.Баянсэлэнгэ хэлсэн юм. Н.Учрал нь түүний уурыг үнэхээр хүргэсэн бололтой гэмээр гэр бүлийн хүн болон хүүгийн хамт хэвлэлийн бага хуралд оролцож хуулийн байгууллагад хандах болсноо албан ёсоор хэлэв.
Зарим иргэд ч Н.Учралыг буруутгаж, залуу хүн атал юунд ийм бохир аргаар өрсөлдөгчөө худалдахыг оролдов гэлцэж байх юм.
Энэ мэтчилэн маргаан үргэлжилсээр байгаа. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн өнөөх дуулиант бичлэгийн талаар ч шинэ мэдээллүүд гарсаар байна.
Л.Эрдэнэчимэг гишүүний бичлэг "мода"-наас гарах болоогүй байгаа бололтой.
Нулимст Э.Эрдэнэжамъян дахин хурал хийв
Мөн өөр нэгэн эрхэм намаа төлөөлж хэвлэлийн хурал хийлээ. Энэ бол ард түмний хэлдгээр даргынхаа төлөө нулимс дуслуулсан үнэнч туслах гэгдэх МАХН-ын Сонгуулийн төв штаб Э.Эрдэнэжамъян юм.
Тэрээр өчигдөрийн /2016.06.23/ хэвлэлийн хурлаар сонгууль хууль зөрчигдөж байгаа талаар мэдээлсэн юм.
Тэрээр хэлэхдээ “Энэ удаагийн сонгууль эхнээсээ хууль зөрчсөн, луйвар булхайтай болох нь тодорхой боллоо. АН, МАН-ын нэр бүхий нэр дэвшигчид, дээр нь Улсын бүртгэлийн газар, Статистикийн газар, Сонгуулийн ерөнхий хорооны хайнга байдал, хууль зөрчсөн үйлдлүүдтэй холбоотой зөрчлүүд гарч байна.
Сонгогчид, улс төрийн хүрээнд “Царцааны нүүдэл” гэж нэрлээд байгаа луйврын аргаар энэ сонгуулийг будлиантуулах гэж байна гэсэн бодит мэдээллүүд бидэнд ирж байна. Намуудад сонгуулийн насны хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргаж өгсөн. Монгол Улсын бүртгэл цахимд шилжиж цэгцэрсэн байсан.
Гэтэл сонгогч шилжих гэсэн хуулийн заалтын ашиглан нэг аймаг, тойргоос нөгөөд шилжиж санал өгөх маягаар будлиан үүсгэж байна. Жишээ нь, Чингэлтэй дүүргийн 7,8 дугаар хороонд шилжиж ирсэн хүмүүсийн бүртгэлийг Улсын бүртгэлээс авч үзэхэд, нэг хашаанд л гэхэд тус бүр 19 сонгогч бүртгэсэн байна. Хувьсгалчдын 11-р гудамжинд нэг айлын хаяган дээр 215 сонгогч бүртгэсэн баримтууд илэрлээ” гэв.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн бусармаг үйлдлийг "илрүүлэгч "өрөнд баригдсан Х.Бат-Ялалт
Дараагийн нэр дэвшигч бол өнөөх Л.Эрдэнэчимэг гишүүний бусармаг үйлдлийг олон түмэн дэлгэж өөрийгөө баатар мэт өргөмжилсөн УИХ-ын сонгуулийн 71-р тойрогт нэр дэвшигч Х.Бат-Ялалт. Гэтэл өчигдөр түүний /2016.06.23/ өөрийнх нь буруу үйлдлийг илчлэв бололтой. Тэрээр багагүй өртэй нэгэн гэдэг нь илэрсэн байна.
Тодруулбал: Х.Бат-Ялалттай холбоотой мэдээллийг иргэд хийсэн юм. 2012 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойрогт ИЗНН-аас Х.Бат-Ялалтыг нэр дэвшиж байхад нь үүрийн даргаар ажиллаж байсан Д.Баярмаа, дөрөвдүгээр хорооны иргэн Ч.Пагмажав, 32 дугаар хорооны дарга Б.Батжаргал, 18 дугаар хорооны ухуулагч Э.Цээпил нарын иргэд цалин урамшууллаа авах асуудлаар хуулийн байгууллагад хандах болсноо нийтэд мэдэгдсэн. Х.Бат-Ялалт 160 хүний урамшуулал, хоолны мөнгийг өгөөгүй өдий хүрсэн байна.
Нэг үүрийн дарга доороо есөн ухуулагчтай ажиллажээ. Тухайн үед өдрийн 20 мянга, дээр нь хоолны 3000 төгрөгийн цалинтай ажиллахаар гэрээ байгуулсан аж. Эхний ес хоногийн мөнгө болох 135 мянган төгрөг, дээр нь дөрөв хоногийн хоолны мөнгө олгосон байна.
Гэвч үлдсэн хоногуудын мөнгийг олгоно гэчихээд ухуулагчдаа хохироосон гэж иргэдийн төлөөлөл тодотгож буй юм. Нийт 160 хүний урамшуулал, хоолны мөнгө нийлээд 26 сая 400 мянган төгрөг болж байгаа аж.
Энэ мэтчилэн хүний өөрийнгүй булхай нь илэрч байна. Дээрх мэдээллүүдийг харахад сонгуулийн хууль, гууль болсон мэт санагдаж байна гэх иргэд ч олон байлаа.
Иргэдийн хувьд сонголтоо зөв хийх хэрэгтэй гэж байгаа ч саналыг будиантуулах вий гэсэн айдас байгаа гэдгээ илэрхийлж байна. Зарим иргэд долдугаар сарын 1-н шиг үймээн болох вий гэгчлэн ярьж байна.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн бичлэг олон нийтэд цацагдсан. Үүний дараа ШӨХТГ-ын дарга асан нэр дэвшигч О.Магнайн ард түмнийг дорд үзсэн бичлэг гармагцаа алга болсон. Тэрээр эмэгтэй гишүүнийг бодоход сүйхээтэй эр бололтой бичлэгийг дор нь устгуулж чадсан гэх яриа гарах болсон.
Гэтэл эдгээр хууль зөрчиж буй мөн ард түмнийг нохой мэт үзэж буй нэр дэвшигчид ичихгүй сурталчилгаа хийж айл, айлын хаалга тогшлоо гэх гомдол ч ирэх болсон байна.
Сонгуулийн солиорол үргэлжилсээр ердөө зургаан хоног үлдээд байхад нэр дэвшигчдийн бусармаг үйлдлүүд ил болсоор. Иргэдийн дунд хэнийг нь сонгох вэ? гэсэн эргэлзээ төрсөөр сонгох ч хүнгүй болох нь. Ирэх долоо хоногт өмнөх долоо хоногуудаас илүү их хүний будлиан, хууль бус үйлдэл ил болох байх гэлцэж байна.
Дараагийн өр, бусармаг үйлдлээ ил гаргах нэр дэвшигч хэн байх вэ? гэх таавар ч нийгэмд бий болсон байна. Төөрөгдөлд орсон иргэдийн сонголт хэн байх нь ирэх долоо хоногийн гуравдахь өдөр буюу энэ сарын 29-нд тодорхой болно.
Сэтгэгдэл байхгүй байна