• Эхлэл
  • Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хүсэлт гаргажээ

Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хүсэлт гаргажээ

2016/06/26

Улсын Их Хурлын сонгуулийн 57 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Болд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүсэлт гаргажээ. Бүрэн эхээр нь хүргэе.

Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст

 

Хүсэлт гаргах нь

Улсын Их Хурлын сонгуулийн 57 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Болдын сонгуулийн штабт шадар туслагчаар ажилладаг Сампилноровын Мөнхзаяа болон түүний нөхөр Б.Батмандал нар нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ор сураггүй алга болсон.

Улсын Их Хурлын  сонгуулийн 57 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Т.Доржхандын штабын зүгээс С.Мөнхзаяаг айлгаж дарамтлан, шахалтад оруулсан байх магадлалтай байна. Учир нь Т.Доржхандын ухуулагч Б.Отгонзулын хэвлэл мэдээллээр гаргасан эвлүүлэгт С.Мөнхзаяа, Б.Батмандал нарын гар утасны бичлэгийг ашиглажээ. Энэ эвлүүлгийг гаргахаас хоёр хоногийн өмнө С.Мөнхзаяа, Б.Батмандал нар алга болсон бөгөөд өнөөдрийг хүртэл гэртээ ирэхгүй, үзэгдэж харагдахгүй  7 хоноод байна. Эцэг эх, ар гэрийнхэн нь ч тэднийг хаана байгаа талаар мэдээлэлгүй байна.  

С.Мөнхзаяа болон Б.Батмандал нар нь “биднийг үл таних хүмүүс айлган сүрдүүлж дарамталж байна” гэж ор сураггүй алга болохын өмнө ярьж байсан тухай хамгийн сүүлд уулзсан найз нөхөд нь мэдээллээ.

Иймд С.Мөнхзаяа болон Б.Батмандал нарын амь нас, эрх, эрх чөлөөнд бодитой аюул занал учирсан байж болзошгүй тул яаралтай эрэн сурвалжлах арга хэмжээ авч, амь нас, эрүүл мэндийг нь хамгаалж өгнө үү.

 

2016 оны 06 дугаар сарын 26

Хүсэлт гаргасан,

Улсын Их Хурлын 57 дугаар тойрогт нэр дэвшигч

Л.Болдын штабын хуульч                                  Г.Цагаанбаяр


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна