• Эхлэл
  • Нэр дэвшигчдийн хөөрхөн сурталчилгаанууд

Нэр дэвшигчдийн хөөрхөн сурталчилгаанууд

2016/06/27

Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны хугацаа ашгүй нэг юм дуусч, эрээлжилсэн, алагласан самбар сурталчилгаа, худал, үнэн ярьж байгаа нь ялгагдахгүй инээмсэглэсэн олон хүмүүсээс салах нь гэлцэж байгаа. Энэ сонгуулийн хувьд мэдээж уламжлал ёсоор хэн нэгнийг гүтгэх, худал мэдээлэл тараах, сурталчилгаа самбарыг нь урах гэх мэт уламжлалт үйлдлүүд давтагдав. Энэ сонгуулийн хамгийн том “ангийн хэрэгслэл” нь видео болон аудио бичлэгүүд байлаа. Сурталчилгаа эхэлсэн даруйд шахам дэгдсэн Л.Эрдэнэчимэгийн бичлэгнээс эхэлсэн сенсаци МАН-ын залуу дарга Ц.Сундуй “60 тэрбумыг босгоно” гэх аудио-гоор өндөрлөж байх шиг байна.

Сүүлийн жилүүдэд анзаарагдах болсон нэг зүйл гэвэл сошиал ертөнцөөр хандсан сурталчилгаанд түлхүү анхаарах болсон. Зарим нэр дэвшигч бараг л хувийн FB дээрээ тулгуурлан сурталчилгаагаа хийчихсэн гэж хэлж болно. Монголд маш олон телевиз, сайт байгаагийн хэрээр үзэгчдээ хуваах болсон. Тэгвэл зарим нэр дэвшигчийн хувийн хаяг л гэхэд 5 000 найзтай 10 мянгаас дээш дагагчтай гэхээр сурталчилгааны ямар том боломж байхыг ойлгоход хялбар биш. Энд ч бас хүмүүсийн сурталчилгааны постерийг үг үсгийг өөрчлөх гэх мэт янз бүрийн асуудал гарч л байв.

Харин бид энэ удаад хамгийн энгийн бөгөөд хөөрхөн сурталчилгааг онцолж. Мэдээж энд дуучин С.Жавхлангийн морь унаж сүржигнэж гэх мэт “саак” сурталчилгааг сонгосонгүй. Энд хамгийн сэтгэл шингэсэн зурагнуудыг онцолж байна.

Бие даан нэр дэвшигч Өөлдийн Мөнхбат сурталчилгааны эхний өдрүүд сурталчилгаагаа “шон”-д байрлуулсан байдал. Энэ удаагийн сонгуулийн хувьд арилжааны сурталчилгааны самбаруудыг ашиглахгүй гэсэн учраас гэрлийн шонгууд ийм “тод” үүрэгтэй болоод байгаа. Түүнээс гадна Ө.Мөнхбат хэмээх энэ залуу өдөр бүр хаа яваа, хэнтэй уулзсанаа FB-дээ мэдээлж, бусад намынхан өнгө ижил хувцастай оюутан голдуу залуусыг туг хиуар бариулан гудамжаар алхуулж сурталчилж байгаа бол Ө.Мөнхбатын найз нөхөд дэмжигчид нь оранж өнгөөр ижилсэн “сурталчилгааны цуваа” болон алхаж байгаа юм.

Хамгийн үзэсгэлэнтэй шадар туслах-Дуучин Беки нэрээрээ хэдэн жилийн өмнө танил болсон эдийн засагч Ганбатын Мөнхбаяр энэ удаагийн сонгуульд мөн бие даан нэр дэвшиж. Эхнэр нь ТОП модел, өөрөө дуучин, FM-ийн захирал байсны хувьд тэрээр хамгийн олон урлаг соёлын одод, загвар өмсөгчдийг нэгтгэн сурталчилгаагаа хийж байна. Тэд бүгд сайн дураараар үнэ хөлсгүй сурталчилгаанд оролцож буй. Гоо үзэсгэлэнт эхнэрээ дагуулан, загвар өмсөгч залуус охид, зангиатай цэмцгэр Ротари клубыг залуусаа дагуулан “Холливуд смайл” гарган инээмсэглэх Г.Мөнхбаяр Сүхбаатар дүүрэгт бас нэгэн чимэг болжээ.

 

 

 

Бие даан нэр дэвшигчид “шахалдаж” байгаа Баянзүрх дүүрэгт ногоон өнгөөр имижээ бүрдүүлэн сурталчилгаагаа явуулж байгаа Жанын Ганбаатар. Ураны эсрэг тэмцэгч гэдгээрээ алдартай тэрээр мөн л тийм их хэмжээний мөнгө зарлагадахгүй дан дэмжигчдийн хүчинд наадаж байгаа. Түүний сурталчилгааг хийж байгаа “хүүхдүүд” нэр дэвшигчдээ зориулан нэрийг нь өөрсдөө ийн бүтээж бэлэг барьжээ. Тэд мөн л сайн дураараа ажиллаж байгаа.

Ийнхүү зарим нь мөнгөөр “зодож”, зарим нь байгаа байгаагаараа бор зүрхээрээ зүтгэж байгаа сонгуулийн сурталчилгааны ажил үндсэндээ шувтарч байна. Тэдний ажил хэр үр дүнтэй байсанд сонгогчид “дүн” тавина.

Дашрамд анзаарахад санхүүгийн хувьд тийм боломжтой биш боловч сурталчилгаагаа хүмүүст хүргэх арга сүвэгчлэн бие даагчдын голдуу FB сурталчилгаа л идэвхтэй байх шив дээ.  

А.Ану


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна