УИХ-ын сонгуулийн санал хураалтыг будлиантуулах гэсэн хоёр үйлдлийг цагдаагийнхан таслан зогсоосон гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллээ.
Тэрбээр "Сонгинохайрхан дүүргийн 71 дүгээр тойргийн гуравдугаар хэсгийн санал авах байранд нэг сонгогч саналын хайрцагны лацыг хуулж, саналын хуудсаа машинд уншуулахгүй шууд хийсэн ноцтой хэрэг гарлаа. Тагнуул, цагдаагийнхан үүнийг шалгаж, шуурхай ажиллаж байгаа.
Мөн яг ийм үйлдэл Баянгол дүүргийн 67 дугаар тойргийн 14 дүгээр санал авах байранд бас гарсан. Хуулийн байгууллагын хэлж буйгаар зохион байгуулалттайгаар сонгуулийг будлиантуулах гэсэн үйлдэл байж магадгүй гэж үзэж байгаа" гэсэн юм.
Түүнчлэн "Зарим хэсгийн хороон дээр хурууны хээ танихгүй байна гэсэн гомдол, санал ирж байгаа. Бид энэ асуудлыг УБСЕГ-тай яриад гэмтлийг нь засаад явж байгаа. Хэрэв хурууны хээ уншихгүй бол иргэний үнэмлэхээр саналаа өгч болно.
Мөн Увс аймаг, Хан-Уул дүүрэгт цахилгааны хэлбэлзлээс шалтгаалан автомат машин гацсан явдал гарсан" гэв.
Сэтгэгдэл байхгүй байна