• Эхлэл
  • Ч.Содномцэрэн: Х.Болорчулуун, Д.Оюунхорол нартай холбоотой гомдол ирсэн

Ч.Содномцэрэн: Х.Болорчулуун, Д.Оюунхорол нартай холбоотой гомдол ирсэн

2016/06/29

Сонгуулийн ерөнхий хороо дөнгөж сая 17:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг өглөө. Улсын хэмжээнд сонгогчдын ирц 55 хувьтай байгаа аж. Тодруулбал, орон нутаг 61.5, нийслэлд 47 хувьтай буй юм.

Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Нийслэл дотроо хамгийн бага ирцтэй Чингэлтэй, Налайх дүүрэг байна юм. Орон нутагт Орхон аймгийн 48 дугаар тойрогт хамгийн бага буюу 43 хувийн ирцтэй байна” гэлээ.

Дээрх мэдээллийг хийх үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж байсанОюунсайханы нэрийг шүүхийн шийдвэрийг үндэслэн татсан болохыг хэлсэн юм.

Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-29 дүгээр тойрогт нэр дэвшигч Оюунсайханы нэрийг яагаад хассан юм бэ?

-Сонгуулийн тухай хуульд шашны холбогдолтой үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Энэхүү заалтыг зөрчсөн, мөн нэр дэвшигч нь давж заалдахгүй, торгуулийн мөнгөө төлсөн гэсэн тайлбарыг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн тул нэр дэвшигчийн жагсаалтаас хассан.

-АН-аас УИХ-ын 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролыг хууль зөрчсөн гэж мэдэгдээд байгаа. Энэ талаар танайд гомдол ирсэн үү?

-УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын шадар туслах н.Энхзаяа Сонгуулийн тухай хуульд заасан сонгогчийн саналыг татах зорилгоор мөнгө тараахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гомдлыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургадугаар сарын 24-нд хэлэлцэн, хууль зөрчсөн нь тогтоогдсон гэдэг шийдвэр гаргасан. Гэхдээ шүүхийн шийдвэрийг н.Энхзаяа нь гар дээрээ аваагүй байна, Давж заалдах хугацаа дуусаагүй байна гэж үзсэн учраас Сонгуулийн ерөнхий хороо энэ асуудлыг нэр дэвшигч Х.Болорчулууны нэгэн адил хойшлуулсан.

УИХ-ын сонгуулийн 14 дүгээр тойрог буюу Дорнод аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай холбоотой гомдол ирж, аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны хуралдаанаар орж, шийдвэрлэсэн. Гэхдээ нэр дэвшигчийн зүгээс Давж заалдах хугацаа дуусаагүй байна гэдэг тайлбар ирүүлсэн тул энэ асуудлыг хойшлуулсан гэлээ.

Эх сурвалж-Eagle.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна