• Эхлэл
  • Э.Бат-Үүл: АН-ын хувьд энэ сонгууль том цунами боллоо

Э.Бат-Үүл: АН-ын хувьд энэ сонгууль том цунами боллоо

2016/06/30

Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл яг одоо "Хангарьд" ордонд мэдээлэл хийж байна. 

Энэ удаагийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 45 суудлын 34-т нь МАН, 11-т нь АН-ын нэр дэвшигч ялалт байгуулсан билээ. Э.Бат-Үүл энэ тухай мэдэгдээд, ялалт байгуулсан нэр дэвшигчдэд баяр хүргэв. 

Цааш нь, "Би юуны өмнө нийслэлийн Сонгуулийн хороонд талархал илэрхийлье. Сонгуулийн хороонд ажилласан төрийн албан хаагчид шударга, сайн ажилласан. Сонгуулийн технологийн ашиглалт сайн байлаа, иргэдэд итгэл үнэмшил төрүүллээ. 

Өнгөрсөн хугацаанд бид хичээж ажилласан. Нийслэлийн амьдрал их өөр болсон гэж бодож байна. Цаашдаа ч нийслэлийн дараа дараагийн удирдлагуудад нийслэлчүүдийн зүгээс тавих шаардлага өндөр болсон. Үүнийг шинэ удирдлага анхаарч ажиллах биз ээ.

Нийслэлийн Ардчилсан намын хувьд энэ удаагийн сонгууль том цунами боллоо. Сонгуулийн дүн гарсны дараа мэргэн, түргэн хүн их олширдог. Нийслэлийн бүтээн байгуулалтыг харлуулсанд би эмзэглэж байгаа. Утга учиргүйгээр гүжирдэн дайрч, муучлах замаар сонгуульд ялж болдог гэдгийг энэ сонгууль харууллаа.

Тийм жишиг, хандлага тогтлоо. Улс, нийслэлийг удирдахдаа мафийн бүлэглэл маягаар ажиллах вий, тийм аюул учрах вий гэж би санаа зовж байгаа. Тиймээс би МАН-ынханд засаглалаа сайжруулаарай гэж хэлмээр байна. Хамгийн гол нь улстөржиж, намчирхалгүйгээр Улаанбаатар хотод эхэлсэн бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллаасай, үргэлжлүүлээсэй гэж хүсч, захимаар байгаа юм.

Бид гурван зүйлд л санаа зовж байна. Бидний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт, “Сайн хашаа” хөтөлбөр зогсох вий. Эх баригчид ойлгож, дээрх хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Хоёрт, төрийн үйлчилгээний супер маркет ажиллуулсан. Ард иргэддээ үйлчилдэг засаг захиргааг бий болгосон. 400 мянган хүн үйлчилгээ авсан байна. Үүнийг шинэ Засаг дарга үргэлжлүүлэх хэрэгтэй.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг зогсоож болохгүй. Нэн ялан гуяа Даншиг наадмыг улс төржүүлж зогсоож болохгүй. Энэ бол аялал жуулчлалыг татах үйл ажиллагаа юм. 
Мэдээж хэрэг газрын авлигалыг зогсоосон. Энэ авлигал цааш үргэлжилбэл аюул болно. Та бүхний итгэл найдварыг хугалалгүй  дөрвөн жил ажилласан гэдгээ бардам хэлнэ" гэв.

.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна