Өнөөдөр 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгоно.
Түр үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны Хүндэтгэлийн цогцолборын Баганат танхимд 12.30 цагаас болох аж.
Түр үнэмлэх олгосны дараа Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчид гишүүдийн нэрсийг өргөн мэдүүлж, Ерөнхийлөгчийн зарлигаар анхдугаар чуулганыг зарласнаар гишүүд тангарагаа өргөх юм.
Энэ удаагийн сонгуульд 498 хүн нэр дэвшиж, парламентын танхимд суух 76 гишүүн тодроод буй юм. Шинэ парламентыг МАН-ын 65, АН-ын 9, МАХН-ын 1, бие даагч 1 гишүүн бүрдүүлэх юм.
Тэдэнд түр үнэмлэх гардуулж өгсний дараа буюу 14.00 цагийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид нэрсийг нь өргөн барих аж.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын анхдугаар чуулган ирэх долоо хоногт хуралдах товтой байна.
Сэтгэгдэл байхгүй байна